МАН: Ардаа "зодоон"-той ч, ардын нүдэнд ажин түжин…

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

МАН: Ардаа "зодоон"-той ч, ардын нүдэнд ажин түжин…

МАН: Ардаа "зодоон"-той ч, ардын нүдэнд ажин түжин…

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн хоршил аажмаар ан цав үүсчээ. М.Энхболдыг ч, У.Хүрэлсүхийг ч үдэж өгөөд өөрөө суудалдаа үлдэж, Л.Оюун-Эрдэнийн үед ч намынхнаа ширээ нүдүүлэхгүйн тулд бялуугаа эвтэйхэн хувааж, фракциудынхаа ашиг сонирхлыг хангаж, дундаас нь чамлахааргүй чанга атгаж ирсэн гавъяа Д.Амарбаясгалангийнх…

Тэрбээр томоор нь харвал Засгийн газар, багаар харвал төрийн компаниудын ашиггүй, орлогогүй, ажиллуулах шаардлагагүйг бүх талаараа нотлох нарийн тооцсон судалгаагаа танилцуулж, удирдлагуудтай нь сархадны ширээний ард “намыг дагах уу, намайг дагах уу” гэх битүү хатуу үг унагаах болжээ.

Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхээ зарлаж, журмын нөхөдтэйгөө ч тэмцэх тухай ярьж гарч ирээд Д.Хаянхярвааг гэрэл цохиулсан нь М.Энхболд нарт өгсөн сануулга байсан ч энэ нь бусад фракциуд зодоонд зэвсэгээ бэлдэх дотоодын хагарлын эхлэлийг тавьжээ. Бүх эрх мэдлийг төрд төвлөрүүлэх ажлыг Л.Оюун-Эрдэнэ үе шаттайгаар хэрэгжүүлэхдээ олон хүний уур, хараалыг барж байгаа бөгөөд Д.Амарбаясгалан түүнийг нь зогсоохгүйн дээр харин ч төрийн ямар ч компани өр, зээл, төсвийн ачаар үйл ажиллагаа явуулж байгааг  илчилж, элдэв арга хэмжээнд тоон үзүүлэлтээр илэрхийлж, төрийн компаниудыг улстөрчид хэрхэн тонож буй талаар судалгаа хийлгээд буй нь тэд удаан хоршихгүйг нотлоод өгөв.

Д.Амарбаясгаланд суудал нь ч, Л.Оюун-Эрдэнэ ч жижигдэж эхэлжээ. Түүний өөрийн гараар эхлүүлэх реформ нь төрийн өмчийн хувьчлал, тэр дундаа ДНБ-ээс давсан хөрөнгөтэй ТӨҮГ-ууд байх нь тодорхой болчихлоо. Тиймээс зандалчин шиг аашилж буй засгийн газрын үйлдлийг засахаасаа илүү зад тавиасай гэсэн шиг ёжтойхон жуумалзаж зодооныг алсаас ажиглаж сууна.

Хотын газрын авлигын асуудал, дархан цаазат газрыг хэрхэн хуваан хүртсэнийг гэрчлэх өөрсдийнх нь гарын үсэгтэй зөвшөөрөл байсаар байтал шүүхийн буруу мэтээр шүгэлдэж байгаад намын уридлагуудаа хараад хөх инээд нь хүрч суугаа нь тодорхой. Байдал хаашаа ч чиглүүлж болох хэмжээнд хүрчээ. Одоо түүний нүүдэл оньсого мэт болов. ЖДҮ-д холбогдож байснаар нь түүнийг тонших гэхээр бүгд л түүнд холбогдсон ч хэн ч ял үүрээгүй өнгөрсөн төдийгүй тийм зохицуулалтыг нь хуулийн хүрээнд хийсэн "хулгайчид" нь МАН-ын бүдүүн бүлгийн бүрдүүлэгчдэд цөөнгүй бий учраас намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ л болжээ.

Буусан Ерөнхийлөгчтэй худ ураг болсон Шадар сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэд гай л тарихаас гавъяа байгуулахгүй гэдэг нь тодорхой болов. Шадар сайд нь өмнөх Ерөнхийлөгчийнх, Сангийн сайд нь өнөөгийн Ерөнхийлөгчийн үеэл, өөр бусад нь бүгд фракциудын төлөөлөл, тэр ч бүү хэл урт шар дээлтэй хүний тавьсан тавиул гээд өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн засаг шуудайд хийсэн үхрийн эвэр лугаа. Аргаа барахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг бүх ажлын хэсгийн даргаар тавьж буй ч өнөөх нь оодорсондоо юу, оновчгүйгээр өөрийгөө илэрхийлдэг үү, олон ажилдаа түүртсэн үү, бас л олон хүний дургүй, зэвүүг зэрэг хүргээд явна. “Удахгүй хийнэ” гээд буй нүүрсний сонсголоос урьдаж Т.Аюурсайханы шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. “Намайг шоронд хийвэл МАН-ын хулгайчдыг зарлахад үлдсэн насаа зарцуулна” гэж тэр зүгээр ч нэг заналхийлээгүй. Үнэндээ хэрэг задлаад эхэлбэл, МАН-ын өнөөгийн удирдлагуудаас цэвэр үлдэх хүн олдохгүй л болов уу?! Б.Хурцын “Ярих уу, яах уу” гэх асуулттай адилхан МАН айж байгаа бол энгийн иргэд илчлэхийг хүсч суугаа.

Гэтэл сүүлийн үед үе ах нарынхаа ар, өврийг хамгаалж, амьдрал ахуйг нь босголцож яваад доод үедээ мөргүүлсэн өөрсдийн гэсэн соёлтой 1970-аад оны намын залуус уулзах нь их болжээ. Мэдээж тэд “Цэцээ гүн рүү…" явж уулзахгүй нь лав. Цаг хугацаанд найдаад орхивол тодрон гарагчид нь бусдыгаа бүдгэрүүлдэг юм байна гэдгийг М.Энхболдынхон ч эрх биш ухаарчээ. Тэд энэ хугацаанд зүгээр суусангүй. Ганц ганцаар нь “гавлаж”, гай болгоны араас өөрсдийг нь цоллоод байгаа болохоор нэгийгээ үзэж, нэхийгээ уралцахгүй юм гэхэд өөрсдийн байр сууриа бататгахаар үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн дуулдана. Сү.Батболдынхон ч үүнийг зүгээр хараагүй. Хотын фракцын араас өөрсөд рүү нь ирнэ гэдгийг тэд харсан. “MCS”-ийнхэн ч “заналт өрсөлдөгч” нь зааварлагчийнхаа дүүг ахаар нь дамжуулаад “атгачихсан”-ыг зүгээр зүхээд  суусангүй. Зүйл бүрийн ярианд ороход бэлэн байгаагаа дуулгаж эхлэв.

Хэрэг бишдээд байхад Ерөнхийлөгч яаж зүгээр суух билээ. Хүүкийн зүгээс дараагийн Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатарыг сойно гэх мэдээлэл хэзээний цацагдаад эхлэв. Ерөнхийлөгч тийм мэдээ хийлгэнэ ч гэж юу байх вэ?

Гэхдээ л тэдний зүгээс дүү нартаа үгэн дотор үг хавчуулж, наргиа, харгиагаа халуулсан хэрэг. Цус уснаас өтгөн гэж Б.Жавхлан дараагийн засагт Ерөнхийлөгчийн томилуулах том албан тушаалтан байх нь гарцаагүй.

Намын зодооноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН, АН-аас урвагсдын баг өнөөдөр бие биенээ хэмлээд эхэлсэн… “Авлига албан тушаалын хэрэгтнүүдэд ахиад энэ нам итгэл үзүүлж улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэсэн нь фракциудаа устгах биш улам идэвхижүүлэв. Өнөөдөр сошиалаар явж буй троллуудын дайралт, чичилсэн сэтгэгдлүүдийг харвал хэзээний тэдний зодоон эхэлсэн нь тодорхой болов. Дараагийн хүнээр хэн тодрох нь тодорхойгүй байгаа ч сонгуулийн дараа солигдох нь тодорхой болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж