Үерийн усанд автсан машин хашаандаа хөдөлгөөнгүй нам зогсчээ. Зарим айл нь хашаагаа битүүлээгүй яг хэвээрээ. Лаг шавранд бохирдсон эд хогшлоо овоолсон харагдана. Одоогоос нэг сарын өмнө Дарь-Эх орчмын гэр хороололд хүчтэй үер бууж, иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Тухайн үед дарга цэрэггүй хамтран лаг шаврыг цэвэрлэж, үерт өртсөн иргэдийг хохиролгүй болгоно гэж ам гарч байв. Гэтэл бодит байдал дээр авто замаас өөр юу ч цэвэрлээгүй, зам дагуух гэрэлтүүлгээ ч засаагүй гэдгийг иргэд хэлж байна.
Биднийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дарь эхийн уулзвар дээр очиход зарим иргэд хашаа, хороогоо хадаж, зарим нь үерт автсан байшингаа нурааж, хүйтрэхээс өмнө шинэ байшин барихаар өдөр шөнөгүй ажиллаж байгаагаа учирлав.
"ҮЙЛДВЭРИЙН ИХЭНХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ҮЕРТ АВТАЖ, ЛАГ ШАВРЫГ НЬ ЦЭВЭРЛЭСЭН Ч АЖИЛЛАХГҮЙ БАЙНА"
Иргэн Ж.Өлзийбадрахынх вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд үерт үйлдвэрийнх нь ихэнх тоног төхөөрөмж нь автаж, огт ажиллахгүй болсон гэдгийг хэлж байлаа. Тэрбээр "Нэг сарын өмнө үер буусны дараа төрийн албан хаагчид энэ хавийн шавар шавхай цэвэрлэсэн. Тэрнээс хойш нам гүм болцгоосон. Үерт өртсөн иргэдэд хэдэн төгрөгний тусламж үзүүлнэ гэсэн сураг сонссон. Тэр нь хэзээ юм бүү мэд. Машин тэрэг, тоног төхөөрөмж үерт автаж, лаг шаврыг нь цэвэрлэсэн ч ажиллахгүй байна. Машиныхаа бүх сэлбэгийг гаргаад тавьчихсан, засч янзалж чадахгүй, тав арван төгрөгний боломж бололцоо болохгүй байна. Асааж ч чадахгүй, яаж ч чадахгүй л байна.
Тухайн үед манайх нэлээд их хохирсон. Манай ачааны портер маркийн машинаас гадна хоёр суудлын машин, хашаа байшин тэр чигээрээ үерийн усанд автсан. Машины муухай үнэр нь огт арилахгүй юм.
Бид сүүлд өөрсдөө блокоор шинэ хашаа барьж байна. Манайх энд 10 гаруй жил амьдарч байна. Өмнө нь үер ус болсон ч энэ жилийнх шиг айхтар үер болж байсангүй. Манай хажуу айлын зарим хүмүүст нөхөн олговор гэж гурван сая төгрөг өгсөн байна. Гэтэл мань мэтэд нэг ч төгрөг байхгүй байна. Хороо, дүүрэгтээ хохирсон зургаа бичиг, баримтаа бүрдүүлж өгсөн. Хариу огт байхгүй. Вакум цонхны үйлдвэрийн ихэнх тоног төхөөрөмж үерт автаж, ажиллахаа больсон" гэдгийг хэлж байв.
"ТӨР ЗАСГААС ЮУ Ч ГУЙХГҮЙ, ХАМГИЙН ГОЛ НЬ ДАРГА НАР ХУДЛАА ЯРЬЖ БАЙГААД БУХИМДАЖ БАЙНА"
Харин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Ж.Гүрдагвынх үерт автсан байшингаа нурааж, шинэ байшин барьж байв. Тэрбээр төр засгаас юу ч гуйхгүй. Хамгийн гол нь дарга нар сайхан сайхан юм ярьж, худлаа ярьж байгаад бухимдаж байгаагаа хэлсэн юм.
"Бид хохирол амссан бичиг баримтаа бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Одоогоор бидний хохирлыг барагдуулсан юм байхгүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэдийн хохирлыг барагдуулах хуулийн заалт байхгүй гэж хэлсэн. Дүүргийн ИТХ нь зөвшөөрсөн тохиолдолд нөөц хөрөнгөөс нэг өрхөд таван сая төгрөг өгөх яриа сонсогдоод байсан. Тэр нь ч байхгүй. Хамгийн гол нь бид дарга нараас мөнгө төгрөг гуйсангүй. Аль болох тохь тухтай, дэд бүтэцтэй, ойр газар амьдрахыг хичээнэ.
Манайх энэ газрыг 2015 онд худалдаж авахад засмал зам тавьсан байсан. Тэгээд хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ ойр гэж энэ газрыг худалдаж авснаас биш төр засгийг үерийн далан дагуулж зам тавьсныг яаж мэдэх вэ.
Энэ зам Монель-17-гийн замыг холбосон гэр хорооллын түгжрэлтэй замын нэг. Тэгээд Т.Батцогт төлөөлөгчөөс энэ замыг өргөн болгох боломж юу байна гэж асуухад “Уг нь дөрвөн эгнээ зам байх ёстой юм. Нөхцөл байдлаас болоод нарийн зам тавьсан. Ойрын хугацаанд дөрвөн эгнээ зам болгож, өргөсгөх ажлыг хийхгүй” гэж хэлсэн. Тэрнээс бид зөвшөөрөлгүй үерийн аман дээр буучихаад төр хохирол барагдуул гэж хэлээд байгаа биш" гэв.
Айлуудын ихэнх нь үерийн лаг шавраа цэвэрлүүлж, хашаандаа дайрга шороо асгуулжээ. Ж.Гүрдагвынх гэхэд 19 хово шороо хашаандаа, байшин барихад таван хово дайргыг 1.3 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Иргэд төрийн байгууллагаас илүү ард түмэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын төлөөллүүд дэмжлэг үзүүлсэн тухайгаа ярьж байлаа.
Ж.Гүрдагва "Хашаа, байшин тэр чигээрээ үерийн усанд автсан. Дотор нь амьдрахын арга байхгүй. Эхнэр хүүхэд маань эсэн мэнд гарч чадсан. Байшингаа буулгаад шинэ байшин барих гээд л үзэж байна. Одоо хүйтэн болж байна. Нэг сар машиндаа амьдарлаа. Ах дүү нар зав чөлөөгөөрөө ирээд тусалж, дэмнэнэ. Өнөөдөр ганцаараа байшингаа бариад сууж байна. Нэг өрхөд өгөх таван сая төгрөг нь хаана ч байгаа юм.
Юу гуйхав дээ. Хамгийн гол нь дарга нарын мэдээлэл тараагаад байгаа, яриад байгаа үйлдэл нь худлаа байгаад бухимдаж байна.
Чухал царай гаргасан дарга нар үер болоход энүүгээр яваад байсан. Тэрнээс хойш нэг ч дарга цэрэг ирээгүй. Бид ирэх 2024 онд сонгуулиар тэднийг сонгохгүй. Ж.Чинбүрэн гишүүнтэй хүртэл уулзсан. Иргэд төлөөлөгчтэйгөө уулзаад явахаар сонгуулийн хууль зөрчих гээд байна, хороо дүүрэгтэйгээ холбоотой ажиллаж байгаа гэдэг хариултыг өгдөг" гэсэн юм.
"ГЭР ОРОНГҮЙ БОЛСОН ИРГЭДИЙГ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСЭД ГАЗАР ОЛГОСОН"
Зам дагуух гудамж нь битүү хог. Иргэдийн зүгээс дарга нарыг ссонгуулийн үеэр хүн болгонтой биечлэн уулздаг шигээ л ажлаа хийхийг хүсч байгаагаа илэрхийлэв. Иргэн Ч.Лосол "Бид хохирол амсалгүй яахав. Төр засаг хэдэн төгрөг өгч дэмжинэ гэсэн одоо хүйтэн боллоо. Бид хашаа байшингаа засч, сэлбэж байна. Байшин руу үерийн ус орж, амьдрахад хэцүү болсон. Энэ жилдээ байшингаа засч янзлаад өвөлжинө. Ямар ч байсан хүйтрэхээс өмнө хашаагаа босгочихьё гээд л янзалж байна.
Хоёр машин үерт автсан ч даатгалгүй гээд хохирол барагдуулах боломжгүй гэсэн. Холбогдох бичиг баримтаа өгсөн боловч хариу алга.
Манайх энд 14 жил амьдарч байна. Гэхдээ ийм айхтар үер болж байсангүй. Гэр оронгүй болсон иргэдийг шинэ суурьшлын бүсэд газар олгож байгаа. Манайх шиг хашаа байшинтай айлд газар олгохгүй гэсэн. Үерийн лаг шаврын үнэр айхтар байсан. Захаасаа шороо асгуулсан" гэлээ.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлэсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Мөн усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, хоёр кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэсэн. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэсэн гэх мэдээллийг албаныхан өмнө нь өгч байсан юм.
Газрын албаны мэдээллээр Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байна. Эдгээр айл өрхүүдийг нийслэлийн ИТХ-аар батлагдсан байршилд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршил бэлэн болсон. Гэвч тэнд орон гэргүй болсон цөөн айлыг л шилжүүлсэн гэдгийг иргэд хэлэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ