Ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай цахилгаан "Chongging" маркийн машин бензин аваад зогсож буй бичлэг цахим орчинд цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь энэ сарын 6-наас эхэлж эко тэмдэглэгээ бүхий ногоон дэвсгэрттэй улсын дугаартай цахилгаан машинд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн юм. Тиймээс цахилгаан, бензин хосолсон машинд тусгай дэвсгэрт бүхий улсын дугаар олгож байгаа эсэхийг иргэд сонирхож байна. Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс тодруулахад дараах хариултыг өглөө.
АТҮТ-ийн өгсөн мэдээллээр, цахилгаан бензин хосолсон машинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаар өгдөггүй. Тухайн машин яагаад цахилгаан машины дугаар авсныг мэдэхгүй байна. Бид шалгаж байна. Ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна гэлээ.
Тусгай дэвсгэрт бүхий "0003 УНЦ" улсын дугаартай машин ногоон дугаар зүүх эрхгүй машин байсныг иргэд, жолоочид цахим хуудаст нийтэлж, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм. Ямартай ч энэ мэдээллийн дагуу АТҮТ шалгаж байгаа аж.
Тухайн машины торгуулийн мэдээллийг шүүж үзэхэд өнгөрсөн онд бүртгэгдсэн хэд хэдэн зөрчлийн торгуулиа төлсөн бөгөөд энэ онд гаргасан торгуулиа мөн төлсөн байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих журамд нэмэлт өөрчлөлт оруулж цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болгох өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Тодруулбал, журамд нэмэлтээр оруулсан захирамжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмж, энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт даалгасан билээ.
Холбоотой мэдээ