“Eguur.mn”: JK Boy, гэрэл зурагчин О.Улсболд нар хамтарна

“Eguur.mn”: JK Boy, гэрэл зурагчин О.Улсболд нар хамтарна

“Eguur.mn”: JK Boy, гэрэл зурагчин О.Улсболд нар хамтарна

Тайландын гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит Монголд сүүлийн 10 жил тасралтгүй ирж, ажиллажээ. Харин өнөө жил тэр хүрээ цамын өв соёлыг тусгасан гэрэл зургийн бүтээлд төвлөрөхөөр шийдсэн байна. Түүнтэй энэ удаа АНУ дахь Монголын соёлын элч, "Маск" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Н.Ганхуяг хамтран ажиллаж байгаа аж. Тэр 1998 онд барьсан өөрийн хувийн урландаа хүрээ цамын баг, өмсгөл хэрэглэл бүхий зай талбайг бэлтгэж, Жатэнипат Кэтпрадитийн хамт эл төсөлд ихээхэн төвлөрч буй.

Тэд хамтран хүрээ цамын соёлыг сурталчлах гэрэл зураг, биет бүтээл хосолсон хүчтэй үзэсгэлэнг ирэх есдүгээр сард Бээжинд, аравдугаар сарын 24-нд Тайландад нээхээр төлөвлөжээ. Цаашлаад АНУ-д, түүнээс цааш Европ даяар энэ үзэсгэлэнгээ дэлгэж, хүрээ цамын монгол өв уламлжлалыг дэлхий даяар сурталчлан түгээх зорилго тавьсан байна.

Үүний хамгийн том хэтийн зорилго бол хүрээ цамын соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх явдал юм байна. Энэхүү төсөлд нийт 30 гаруй уран бүтээлчийн хөдөлмөр шингэж байгаа юм. Н.Ганхуяг өөрөө 30 орчим жилийн өмнөөс цамын баг урлаж ирсэн онцлогтой, өв тээгч юм. Энд баг урлах, зүүсгэл чимэглэл хийхээс эхлээд зураг авалтад моделиор оролцох гээд үүрэг их.

Харин энэ төсөлд Тайландын гэрэл зурагчинтай Eguur.mn сайтын гэрэл зурагчин О.Улсболд хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. Ес, аравдугаар сараас эхлэн дэлгэх үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд тэд Улаанбаатар хот болон орон нутаг дахь түүхэн дурсгалт сүм, музейгээр ч аялж, гэрэл зургийн бүтээлдээ төвлөрөх аж.

Н.Ганхуяг: Хүрээ цамын соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх нь хамгийн том зорилго

Н.Ганхуяг 40 гаруй орноор 20 орчим жил аялсан нэгэн. Сүүлийн жилүүдэд “Чингис хаан" үзэсгэлэнгээ тасралтгүй толилуулсан. Мөн "Маск” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Соёлын элч, цамын баг урлаач юм. Тэрбээр "Бидний үзэсгэлэнгийн хамгийн том зорилго бол Монголын хүрээ цамын соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх юм. Би өчигдөр АНУ-аас, гэрэл зурагчин маань Тайландаас ирлээ. Ингээд ажилдаа шаргуу ороод байна. Үзэсгэлэнгээ есдүгээр сард Бээжинд, дараа нь аравдугаар сард Тайландад гаргах юм. Засгийн газрын "Welcome to Mongolia" гэсэн чухал хөтөлбөрийг ч бид энэ үзэсгэлэнгээрээ дэмжиж буй.

Миний хувьд залуугаасаа зураг урлалыг сонирхож ирсэн. 1988 оны хүрээ цамыг үзээд энэ соёлд ихээхэн татагдсан. Энэ цагаас хойш энэ соёлыг өвлөж явах урам зориг төрж, цамын баг урлаж эхэлсэн л дээ. Цаасан шуумлын аргаар цамын баг урладаг. Монгол улсын цаг уурын онцлогт цаасан шуумлын арга их сайхан тохирдог. Энэ арга уламжлагдаж ирсэн учир мэддэг, эзэмшсэн хүн цөөнгүй. Миний хувьд 2007 онд 108 цамын багийг олон нийтэд дэлгэсэндээ баяртай явдаг.

Соёлын өвийг тээгчид маань өөрсдөө цөөрөхийн хэрээр уламжлагдах бололцоо нь багасаж байдаг шүү дээ. Хүрээ цам гэдэг энэ хосгүй үнэт өвөө бид ЮНЕСКО-д цаг алдалгүй бүртгүүлэх учиртай юм. Саяхан би Бээжингийн "Соёл мэдээллийн төв"-д үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Тайландын гэрэл зурагчны маань өмнөх ажлууд дэлхийн анхааралд өртсөн байдаг. Түүний гэр бүлийн хүн ч мөн ижил цамын баг урлах уламжлалыг өвлөжээ. Тэд ийн гэр бүлээрээ ажиллаж байна.

JK Boy: Монголд ирэх бүрдээ л шинийг нээдэг

Хүрээ цамын гэрэл зургаар үзэсгэлэн гаргах хүсэлтэйгээ цар тахлын өмнөөс илэрхийлж байсан JK Boy-той товч ярилцлаа. Түүнийг хоёр сарын өмнө Тайланд дахь Монголын соёлын элчээр өргөмжлөөд байгаа нь онцлог.

JK Boy буюу Жатэнипат Кэтпрадит нь,

  • Олон улсын хөрөг гэрэл зурагчдын уралдаан буюу International Portrait Photographer of the Year (IPP)
  • Европын шилдэг гэрэл зурагчин буюу European Photographer of the Year (EP)
  • Европын гэрэл зургийн наадам буюу European Photography Awards (EPA) уралдаануудад гранпри шагнал хүртсэн уран бүтээлч юм.

Тэрбээр "Хүмүүс намайг JK Boy уран бүтээлийн нэрээр маань мэддэг. Би сүүлийн 10 жил Монголд байгалийн болон баримтат гэрэл зураг авч байна. Тайландын ахлах сургуульд бид Чингис хааны тухай үзэж, судалдаг. Эндээс л бид анх Монгол улсын түүх, өв соёлд татагдаж байлаа. Монголд анх удаа ирж үзээд л дараагийн удаа заавал очих ёстойгоо ойлгосон. Ялангуяа Амарбаясгалан хийдэд зочилж, зураг авах их сайхан байсан. Үүний өмнө монголчуудын бөө мөргөлийн соёлыг судалж, уран бүтээлдээ тусгасан. Энэ төсөлд ажиллах хувь тохиол цаанаасаа гэмээр л бий боллоо. Бүх зүйл өөр хоорондоо холбогдсон.

Намайг Соёлын элчээр өргөмжилж буйг дуулаад их сэтгэл хөдөлсөн, бас бахархсан. Монголын өв соёлыг дэлхий нийтэд уран бүтээлээрээ дамжуулан сурталчлах эрмэлзэл маань улам нэмэгдсэн. Би Монголд ирэх бүрдээ л шинийг олж нээдэг" гэлээ.

Л.Баяндорж: Учрах ёстой хүмүүс л энэ төсөлд огтлолцлоо

Энэхүү гэрэл зургийн аяллыг голчлон зохион байгуулж буй хүн бол "Номадс Адвентур Турс" ХХК-ийн захирал Л.Баяндорж юм. Тэр анх Н.Ганхуяг, JK Boy нарыг уулзуулжээ. Л.Баяндорж "Манай компани сүүлийн 10-аад жил дандаа гэрэл зургийн аялал зохион байгуулж байгаа. Говь, цаатан гээд олон соёлыг дэлхийн гэрэл зурагчдаар дамжуулан сурталчилсан.

JK Boy-той танилцсаны 10 жилийн ой өнөө жил тохиож байна. Өвлийн цаатанг үзэх гэж бид мөн бүхнийг тэгээс эхэлж байлаа. Үүний дараа дэлхийн гэрэл зурагчдын урсгал маш их нэмэгдсэн. Энэ бүгдийг Монголоо дэлхийд сурталчилж буй том ажил болж чаддаг гэж боддог.

Цар тахал гарахын өмнө JK Boy хүрээ цамын зураг авах хүсэлтэйгээ хэлсэн л дээ. Ингээд Амарбаясгалант хийд дээр эхний зургаа авсан. Ингээд Тайландад үзэсгэлэн гаргах сонирхолтой буйгаа илэрхийлж, бид хамтдаа цамын иж бүрэн өмсгөл хэрэгсэл хайж их явсан. Тэр үед гэнэт манай ангийн охины аав буюу Н.Ганхуяг ах цамын баг урладгийг санасан. Ингэж хоёр зүрх огтлолцсон. Хэн хэнийх нь зорилго нэгдсэн. Өнөөдөр л энэ хоёр хүн анх удаа уулзлаа. Учрах ёстой хүмүүс байсан юм байна" хэмээж байлаа.

О.Улсболд: Өөрийгөө хөгжүүлж, илүү мэргэжлийн болоход суралцана

Энэ төсөл бол багийн ажил. Урлаач олон уран бүтээлчид бий. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хамтран ажиллагч байгууллагын статусаар энэхүү төслийг дэмжиж буй Eguur.mn сайтад тэд талархлаа илэрхийлж байв. Eguur.mn сайтын гэрэл зурагчин О.Улсболд JK Boy-ийн хамт энэхүү төсөлд ажиллах юм. О.Улсболдын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд гэрэл зургийн чиглэлээр дагнан ажиллаж буй залуу уран бүтээлч. Тэр "Монголынхоо өв соёлыг дэлхийд сурталчлах агуулгатай томоохон төсөлд ажиллахаар болсондоо баяртай байна. Өөрийнхөө чадах бүхнийг дайчилна, бас ихийг сурна. Өөрийгөө илүү хөгжүүлж, гэрэл зургийн төсөл хэрхэн явагддагийг харж, илүү мэргэжлийн зүйлсэд суралцана гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Тус үзэсгэлэн зөвхөн гэрэл зургаар дагнахгүй юм байна. Миксэд мэдиа буюу цамын баг, өмсгөлийн биет үзэсгэлэн ч мөн дэлгэгдэнэ. Үүний хамт баг урлалын үйл явц бөгөөд нийгэм соёлын дэвсгэрийг илэрхийлсэн гэрэл зургийн бүтээлүүд ч мөн байх аж.

Саяхан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын гэрэл зурагчин JK Boy-ийг хүлээн авч уулзсан. “Монгол цам” үзэсгэлэн нээлтээ хийж бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгах учир энэ үеэр "Welcome to Mongolia" арга хэмжээг сурталчлах, Монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр салбарын яамнаас хамтран ажиллах боломжтойг Б.Бат-Эрдэнэ сайд ч мөн илэрхийлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 109.70.100.2

Эхнээсээ авхуулаад дуустлаа бүгд Түвдийн шашны соёлын. Монгол маск нэг ч үгүй. Ичмээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж