Хайкуй хар салхины улмаас Хятадын өмнөд нутагт долоо дахь өдрөө бороо орж байна. Аадар борооны улмаас нам дор газрууд үерт автаж, зам хааж, оршин суугчид гарах гарцгүй болов. Гуанси мужийн Бобай тосгонд завьтай аврагчид нам дор газарт гацсан оршин суугчдыг гаргахаар ажиллаж байна. Зарим оршин суугч хоёр метрийн гүнд гацжээ. Мөн уулархаг газруудад хөрсний гулгалтаас болж зам, гүүр нурсан.
Цаг уурын станцаас тооцоолсноор хур тунадасны хэмжээ 511.2 мм хүрсэн нь тухайн бүс нутгийн жилийн хур тунадасны дөрөвний нэгээс илүү хэмжээ юм. Гуанси мужид аадар бороо дахин хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна.
Хайкуй далайн хар салхи есдүгээр сарын 5-нд Фүжянь мужийг дайрч эхэлсэн. Үүнээс хойш халуун орны шуурга болж эрч нь суларсан ч гэлээ үлдэгдэл нь Хятадын өмнөд хэсгийг сүйрүүлсээр байна. Ялангуяа хүн ам ихтэй Шэньжэнь хот 1952 онд бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их хэмжээний үерт автав. Хөрш зэргэлдээ Хонгконг ч бас 140 жилд тохиогоогүй хүчтэй шуурганд өртөж, үерлэжээ.
"Дотогш чиглэлтэй хөдөлж буй хар салхи их хэмжээний хур тунадас орж, хүчтэй хар салхинд бараг өртөж байгаагүй бүс нутгуудад нөлөөлж, илүү их хохирол учруулдаг. Галт тэрэгний эффект гэж нэрлэдэг энэ үйл явц нь олон үүлний систем тодорхой газар нутгийг дараалан дайран өнгөрч, их хэмжээний хур тунадас орох магадлалыг эрс нэмэгдүүлдэг" гэж Калифорнийн их сургуулийн цаг уур судлаач Шао Сун хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ