Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн сараас /2023.08.26/ тэгш, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож буй. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа учир дугаарын тэгш, сондгойгоор зорчих хөдөлгөөнийг сунгах эсэх талаар яригдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Н.Намуугаас тодрууллаа.
Тэрбээр, цахим хуудас болон зарим мэдээллийн хэрэгслээр улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын хугацааг сунгах талаар мэдээлэл гарсан. Тус шийдвэр албажиж гарсан 20 хоногийн хугацаанд л хэрэгжинэ.
Хэрэгжилтийг сунгахгүй бөгөөд иргэд, албаныхнаас үүнтэй холбоотой санал аваагүй.
Тиймээс зохицуулалт хоногийн дагуу энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Түгжрэлийг бууруулах бусад зохицуулалтыг холбогдох алба, хэлтэс хийж ажиллана гэлээ.
ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ХИЧЭЭЛ, СУРГУУЛЬ ЖИГДРЭХ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ҮР ДҮНТЭЙ ГЭВ
Иргэдийн зүгээс, жил бүрийн өдийд түгжрэл ихэсч, тэг зогсдог. Энэ жил дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож байгаа нь үр дүнтэй байна. Хэдийгээр 20 хоног ч гэсэн хичээл, сургууль жигдрэх хүртэл замын хөдөлгөөнийг ийн зохицуулж байгаа нь зөв гэлээ.
Мөн тэгш, сондгойгоор автомашиныг хөдөлгөөнд оролцуулснаар төв замаас бусад замуудад түгжрэл сийрэг байгааг онцолж байлаа. Иргэдийн сэтгэгдлийг ЭНД дарж үзнэ үү.
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:
-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байгаа.
Захирамжид:
- Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
- Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.
Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.
Холбоотой мэдээ