Нүүрсний хулгайг нээлттэй шүүе !

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайг нээлттэй шүүе !

Нүүрсний хулгайг нээлттэй шүүе !

Шүүхээр нүүрсний хулгайн хэргийг нээлттэй шүүлгэх эр зориг эрх баригчдад байна уу гэдгийг олон нийт анхаарал тавин хүлээж сууна.

Хохирол нь 40 их наядаар тооцогддог нүүрсний хэрэгт Ардчилсан нам болон Ардын намаас 20 шахам улстөрч нэр холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж буй.  Авлигатай тэмцэх газар /АТГ/ дээрх хэргээс энэ удаад УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүлж, улмаар шүүх хүлээн авсан.

Гэвч шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаярын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилж, есдүгээр сарын 12-н болсон.

Яллагдагчаар татагдан, шүүгдэх болж буй Т.Аюурсайхан “Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Өнгөрсөн хугацаанд эх орон ард иргэдийнхээ талд зогссон нь олон дайсантай болгосон байна. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, эрх баригчид эл хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг золиос болгохоор шийдсэн нь үнэн бол албан тушаалтнууд оролцсон том хэргийг задлах ганц гарц нь шүүх хурлыг нээлттэй зохион байгуулах. Гэвч шүүх хурал нээлттэй болно гэдэгт улс төрийн хүрээнийхэн эргэлзсээр байна.

Учир нь, ирэх онд УИХ-ын сонгуультай. Ирэх сонгуулиар рейтингийг нь навс унагаж, гудамжинд лааз өшиглүүлж мэдэх хамгийн том хэрэг эрх баригчдын хувьд нүүрсний хулгай. Холбогдсон бүх хүмүүст хариуцлага тооцож, буруутай нэг ч хүн үлдээлгүйгээр шүүхээр шүүлгүүлж, зохих ял шийтгэлийг ногдуулж чадвал МАН жинхэнээсээ авлигатай тэмцлээ гэж ойлгож болно.  Харамсалтай нь, эл хэрэгт хамаг томчууд нь холбогдсон байж болзошгүйгээс хулгайг шүүхээр нээлттэй шүүж чадахгүй, хаалттай хийж болзошгүй аж.

Хэдийгээр эрх баригчид арьсаа хамгаалах зорилгоор шүүх хурлыг хаалттай зохион байгуулах хүсэлтэй байж болох ч шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулахаар хуульчлагдсан байдаг.

Иймээс  ард түмний мэдэх эрхийг хангаж, шүүх хурлыг нээлттэй хийх бүрэн эрх шүүх байгууллагад бий гэсэн үг.

Шүүх хурал нээлттэй болсноор эл хэрэгт нэр холбогдсон цагаасаа “Намайг хэлмэгдүүлж байна. Би шанага нүүрс ч аваагүй” гэх Т.Аюурсайхан, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдсаныхаа төлөө хэрэгтэн боллоо гэх Б.Ганхуяг нар үнэхээр хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдаж, шоронд хоригдсон уу. АТГ-ын мөрдөгчдийн илрүүлсэн тэр олон тэрбумын хохиролтой хэргүүд зохиомол юм уу. Эсвэл тэд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь мөрдлөгийн шатанд хөдөлшгүй баримтаар нотлогдсон байтал мэлзэж, худал ярив уу гэдгийг мэдэх боломжтой болох юм.

АТГ-ын мөрдөгчид эл хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн шалгаад Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна  Т.Түвшинбаяр/Т.Аюурсайханы дүү/, шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадорж/Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан/, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асантай хамааралтай үйлдэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү  Х.Батхишиг, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд, иргэн О.Угтахбаяр нарыг хамааралтай гэж үзэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Ингэхдээ Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан бол Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн яллаж буй.

Мөн АТГ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үедээ 195 обьектод нэгжлэг хийж, 2046 хүнээс мэдүүлэг авсан байдаг. Энэ хэргийн улмаас 13.8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй гэж үзсэн. Түүнчлэн хууль бусаар олсон мөнгийг гадаад орнууд руу шилжүүлсэн болохыг тогтоосон. Тухайлбал,  5,3 сая ам.долларыг АНУ руу, 6 сая орчим ам.долларыг БНСУ руу шилжүүлсэн болохыг олж, тогтоон 2 сая гаруй ам.долларыг нь буцааж, Монгол Улсад буцаан оруулж ирсэн гэдгийг албаныхан мэдээлж байв.

Иймээс хуулийн байгууллага авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдыг илрүүлэхдээ гэм буруугүй хүмүүсийг хамаатуулдаг болсон уу, эсвэл намын нэр нүүрээр албан тушаалд очсоныхоо дараа улсаа тонодог улстөрчид улайм цайм худал ярьдаг болсон уу гэдгийг мэдэх боломж нь шүүх хурлыг нээлттэй зохион байгуулах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж