Фүжи уул Диснейлэндээс ялгагдахаа болив

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Фүжи уул Диснейлэндээс ялгагдахаа болив

Фүжи уул Диснейлэндээс ялгагдахаа болив

Японы хамгийн өндөр оргил Фүжи уултай холбоотой таагүй дүр зураг хуруу дарам цөөн байдаг. Тухайлбал, хогоор дүүрсэн бэл, явган хүний түгжрэл, зохисгүй хувцасласан аялагчид зэргийг энд дурдаж болно. Зарим аялагч ууланд шаахайтай авирахыг оролддог аж.

Фүжи уулыг зоригсодын тоо энэ жил онцгой их байгааг ахмад байгаль хамгаалагч Михо Сакурай хэллээ. Ууланд авирагсад 2012 онд хоёр сая байсан бол 2019 онд таван сая болж өсчээ. Харин энэ жилийн авиралтын улирал долдугаар сард нээгдсэнээс хойш 65 мянга орчим аялагч оргилд хүрсэн. Энэ нь 2019 оноос 17 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аялагчдын тоо өссөн нь мэдээж Covid-19 цар тахлын дараа аялал жуулчлал сэргэсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, энэ жил Фүжи уулыг ЮНЕСКО-д бүртгүүлсний 10 жилийн ой тохиож байна.

“Аялагчдын хэт их ачаалал, хог хаягдал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ, болгоомжгүй явган аялагчид зэрэг нь Фүжи ууланд тулгараад буй хамгийн том асуудал. Уулын ариун дагшин байдал болон дэлхийн өвд бүртгэгдсэн үнэ цэнийг нь хадгалахын тулд аялал жуулчлалын хэт их ачааллыг шийдвэрлэх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна.

Авирагчдад зориулсан нийт 10 төв цэг байдаг. Эндээс тав дахь цэг нь 3776 метр өндөрт орших Гогомэ оргил бөгөөд энд нийт жуулчдын 90 хувь нь ирдэг. Автобус, такси, цахилгаан автомашинаар ийшээ ирэх боломжтой. Тавдугаар цэг дээрх бие засах газар болон эрүүл мэндийн төвийн ачаалал сүүлийн үед улам нэмэгджээ.

Явган аялагчдаас уулын орчин тойрныг цэвэр байлгах зорилгоор 1000 иен хураадаг. “Гэвч хүн бүр 1000 иенээ төлдөггүй. Хүн хэтэрхий ихсээд яг л Диснейлэнд болсон” гэж Фүжи уулыг хамгаалах сангийн ажилтан Томоёо Такахаши хэллээ.

Уулын оргил дээрээс нар мандахыг харахыг хүсвэл отоглох цэгээс хоёр цаг авирахад хангалттай байдаг. Гэвч ачааллаас болоод оргил өөд авирахад дөрвөн цаг зарцуулж байгаа аж. Мөн туршлагагүй аялагчид дулаацахын тулд угаалгын өрөөнд унтах, авирах хэрэгслээ энд тэнд хаях, хориотой бүсэд буудаллах зэрэг зөрчил гаргадаг.

Фүжи уулыг хамгаалах зорилготой “Фүжисан клуб” ашгийн бус байгууллагын сайн дурынхан 2004-2018 оны хооронд оргилын бэлд 992 удаагийн цэвэрлэгээ хийж, 850 тонн хог хаягдлыг цуглуулсан байна.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж