Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар өчигдөр Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзсан. Тэд Өмнөд Солонгос, Япон, Хятад гурван талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах амлалтаа хуваалцаж, ач холбогдлыг нь онцолжээ.
Япон, Өмнөд Солонгосын удирдагч нарын уулзалт 20 минут үргэлжилсэн бөгөөд энэ нь сүүлийн зургаан сарын доторх 6 дахь удаагийн уулзалт болов.
Хөх ордноос мэдээлснээр, Өмнөд Солонгос, Япон, Хятадын дээд хэмжээний уулзалтыг үргэлжлүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй гэдгийг удирдагч нар онцолжээ. Түүнчлэн Кишида энэ зорилгыг дэмжихийн тулд идэвхтэй алхам хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. "Удирдагч нар хоёр орны харилцаанд сүүлийн үед гарч буй үйл явдлуудыг хүлээн зөвшөөрч, хоёр талын түншлэлээ сайжруулах арга замын талаар ярилцлаа" гэж Хөх ордны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Юн Сук Ёл өнгөрсөн гуравдугаар сард Токиод айлчилж, хоёр талын харилцаанд ахиц дэвшил гаргахыг хичээсний үр дүнд Сөүл, Токиогийн харилцаа хурдан сайжирсан. Энэ нь Өмнөд Солонгос, АНУ, Японы гурван талын хамтын ажиллагааны үндэс суурь болсон бөгөөд өнгөрсөн сард Кэмп Дэвид хотод болсон гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид бараг эвслийн хамтын ажиллагааны схемийг тогтоосон юм.
Үүний зэрэгцээ тэд Вашингтонтой өрсөлдөж буй Бээжинтэй харилцаагаа зохицуулахын тулд Хятадтай холбоотой гурван талт харилцаанд анхаарлаа хандуулж байна.
Кишидатай хийсэн дээд хэмжээний уулзалтын өмнө Юн Сук Ёл мөн Хятадын Ерөнхий сайд Ли Цянтай богино хугацаанд уулзаж, түүнтэй "энэ онд багтаан" дахин уулзалт хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.
Бүс нутгийн хөршүүдийн гурван талын дээд хэмжээний уулзалтыг 2008 оны арванхоёрдугаар сард анх удаа зохион байгуулсан. Гэвч 2019 оны арванхоёрдугаар сард 8 дахь удаагаа хуралдсаны дараа коронавирусын тахал болон Өмнөд Солонгос, Японы хооронд дайн үеийн албадан хөдөлмөрийн нөхөн олговор олгох шийдвэрээс үүдэн маргаан гарснаар түр зогсоосон юм.
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES