Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг нэг хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэн. ШӨХТГ-ын давж заалдах шатны шүүх дээр ялсан хэргийг өнөөдөр /2023.09.11/ хэлэлцэж, Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал, нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
ШӨХТГ-ын дарга асан Н.Мандуул 2023 оны зургадугаар сарын 14-нд мэдээлэл хийхдээ “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ШӨХТГ-аас есөн арилжааны банкинд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Улсын дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ" гэдгийг хэлж байв.
Ингэснээр үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсч байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгааг албаныхан мэдээлж байв. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий гэдгийг хуулийнхан хэлсэн юм. Тэгэхээр иргэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй гэж үзсэн шимтгэлээ буцаан гаргуулах боломж нээлттэй аж.
Холбоотой мэдээ