Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр хүртэлх замын нэгдүгээр эгнээнд хашаа, хайс байрлуулсан талаар өнөөдөр /2023.09.11/ мэдээллээ.
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх төслийн захирал Ч.БАТЗОРИГ:
-Наадамчдын өргөн чөлөө долоон километрын урттай, гурван эгнээ зорчих хэсэгтэй. Бид үүнээс нэг эгнээгээр нь нийтийн тээвэр зорчих хаалт хашилтыг тавьсан. Үүн дээр өчигдөр шөнө хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан иргэн хэд хэдэн хаалт, хашилтыг мөргөсөн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Хамгийн гол нь гурван эгнээ замын нэг эгнээг хааснаар тээврийн хэрэгсэл түгжирч байна гэдгийг иргэд хэлж байна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзаж, нийтийн тээврээр зорчих хэрэгтэй байна. Яармаг, Нисэх чиглэлийн автобусыг 100 хувь шинэ болгож байна. Зорчих хэсгийг чөлөөтэй болгож байна.
Хоёрдугаарт, үргэлжилсэн хаалт хашилт, хашлага өмнө нь тавьж байсан юм билээ. Бид 3.5 метр сууриар нь салгаж, авч болдог болсон. Бид одоо 7.3 км замын гурван километрт хаалт тавьсан. Гарсан үр дүн 100 хүрэхгүй автобус 10 чиглэлд явдаг байсан бол 12 чиглэл болж нэмсэн. Дээрээс нь 130 автобус болгож нэмэхээр ажиллаж байна. Өнөө шөнөөс зураг авалтыг хийж, нийтийн тээвэрт хэчнээн хүн зорчиж байна, хугацаа хэр байна вэ гэдгийг судална.
Бид нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн урсгалыг сайжруулахаар арга хэмжээ авч байгаа. Бид бусад холбогдох тооцооллын үр дүнд шийдвэр гаргасан. Хэрэгжилтийг өнөөдөр хэлэх боломжгүй. Ямар ч байсан хэрэгжүүлнэ. Цаашдаа хэд хэдэн чиглэлд ийм арга хэмжээг авна. Ашигладаггүй нүхэн гарцыг ажиллуулах ёстой. Өвлийн их ачааллын өмнө хэрэгжүүлнэ. Камер байршуулж, замын цагдаагийн бүрэлдэхүүнийг дайчилна. Бид өмнө нь энэ бүхнийг тооцоолж байсан ч хөрөнгө мөнгө, цагдаа нарын нөөц боломж бага байсан юм" гэв.
Холбоотой мэдээ