– Мэдээлэл технологи хөгжихийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд анхаарах хэрэгцээ, шаардлага нэгэнт бий болжээ. Тэгвэл эх орондоо дэлхийд үнэлэгдэхүйц мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэн ажиллаж байгаа “ИнфоСек Плас” компанийн хамт олон мэдээллийн аюулгүй байдлын дөрвөн үндсэн чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг тодорхойлох үйлчилгээ, мөн олон улсын стандартад суурилсан зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна мэдээллийн систем болон мэдээллийн аюулгүй байдалд нь аудит хийх үйлчилгээ үзүүлж байна. Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани Монголд цөөн байдаг бөгөөд ихэнх компаниуд гадаадын байгууллагуудад хандах тохиолдол олон байдаг аж. Тиймээс энэ эрэлт хэрэгцээг олон улсын чанарын өндөр түвшинд үзүүлдэг байгууллага байгуулж гадагшаа урсаж байгаа мөнгөний урсалыг дотооддоо авч үлдэх оронч хүсэлтэйгээр үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт өргөжүүлсээр байгаа юм байна.
Тус компанийн үүсгэн байгуулагчдын хувьд энэ чиглэлээр гадаадад олон жил ажилласан туршлагатайгаас гадна Оксфордын их сургууль болон Италийн Трентогийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Түүнчлэн “ИнфоСек Плас” компанийн мэдээллийн системийн аудитор, мэдээллийн аюулгүй байдлын шинжээч нар олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцож өөрсдийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг тогтмол сорьдог байна. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Азийн таван орны 75 оролцогчоос бүрдсэн “The Cyber for Her: Upskilling and Competition” онлайн тэмцээнд тус компанийн мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Т.Нямжаргал оролцжээ.
Тэрбээр тэмцээний эхний шатанд 75 оролцогчоос долдугаар байрт орсон бол Монгол Улсдаа нэгдүгээр байр эзэллээ. Харин хоёрдугаар шат нь Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах үеэр таван орноос тус бүр гурав, гурван төлөөлөл халз өрсөлдөж, монгол залуус багийн төрөлд гуравдугаар байрт шалгарсан юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, ITU, Amazon web services, Digital Asia Accelerator зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээний гол зорилго нь мэдээллийн аюулгүй байдлын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэснээрээ онцлогтой. “ИнфоСек Плас” компанийн залуусын оролцсон өөр нэгэн тэмцээн АНУ-ын Сан-Диего хотод энэ оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 04 хүртэл үргэлжилсэн. Тэмцээнд тив бүрээс буюу Хойд, Өмнөд Америк, Европ, Ази, Номхон далайн орнууд, Африк, Канадаас тус бүр 15 тамирчнаас бүрдсэн долоон баг, хоёр сэлгээ болон хоёр дасгалжуулагчтай оролцлоо. Эхний өдрийн тэмцээн есөн цаг үргэлжилж, кибер аюулгүй байдлын холбогдолтой 40 гаруй даалгавар ирж Ази тивийн баг дөрөвдүгээр байр эзэлсэн бол хоёр дахь өдөр нь кибер халдлага, хамгаалалтын талаарх есөн цагийн хугацаанд гүйцэтгэх даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэн аваргаар шалгарч, багийн нийт дүнгээр гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээний онцлог нь кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил эзэмшсэн 26 хүртэлх насны залуус дундаас өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг нээн илрүүлэх, бэлтгэх зорилготой юм. Ажилтнууд нь тив, олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргасан “ИнфоСек Плас” компанийн тухайд, мэдээллийн аюулгүй байдлын дөрвөн үндсэн чиглэл буюу мэдээллийн аюулгүй байдлын шалгалт, эрсдэлийн үнэлгээ, аудит, зөвлөх үйлчилгээг үзүүлдэг мэргэшсэн байгууллага. Тус компанийнхан 2022, 2023 онд мэдээллийн аюулгүй байдлын талаар 41 удаа сургалт явуулж, 21 төсөл хэрэгжүүлэн кибер халдлага илрүүлэх, хариу үзүүлэх зөвлөгөө, Монгол Улсын кибер аюулгүй байдлын стратегийн зөвлөх үйлчилгээг үзүүлснээс гадна Ази тивийн кибер аюулгүй байдлын тэмцээн зохион байгуулах гишүүн, дасгалжуулагчаар ажилласан туршлагатай. “ИнфоСек Плас” компанид Оксфордын их сургуулийн болон Италийн үндэсний судалгааны төв, Европын холбоо, БНСУ-ын судалгааны төв, Австри, Итали улсын Трэнто хотын их сургуульд ажиллаж байсан өндөр боловсролтой, чадварлаг залуус ажиллаж байна.
Холбоотой мэдээ