Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан "Самандын Жавхлан" бие даасан тоглолтоо өнгөрсөн оны нэгдүгээр сард хийснээс хойш нам гүмхэн байсан юм. Бөхийн өргөөнд болсон энэхүү тоглолт үзэгчдийнхээ тоогоор өөрийн гэсэн дээд амжилт тогтоосон юм. Харин энэ зун болсон "Татар" хамтлагийн ойн тоглолт Цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд монголчуудын хувьд түүхэн дээд амжилт тогтоосон тоглолтын нэг болсон юм. Харин нийтийн дууны ханхүү гэгдэх хүндэтгэлийг олон түмнээс авсан С.Жавхлан энэхүү рекордыг эвдэхээр шийдэв бололтой. Тэрбээр "Төв цэнгэлдэхэд тоглолт хийх үү? Яах вэ? Санал ирээд хоёр сар болж байна. Санаа оноо юу байцгаана. Шийдээгүй л байна" гэж өөрийн албан ёсны цахим хуудастаа өглөө оруулжээ. Одоогийн байдлаар түүнийг тоглолтыг үзэхийг хүссэн дэмжигчдийн лайк 1,5 мянга даваад байгаа бөгөөд бүгд тоглолтоо хийхийг дэмжин сэтгэгдэл бичжээ.
Хэрэв хангалттай олон хүмүүс дэмжвэл дуучин С.Жавхлан цаснаас урьдаж Цэнгэлдэхэд өөрийн тоглолтоо хийж магадгүй нь.