Марокко: Газар хөдлөлтөд түүхэн дурсгалт газрууд хамгийн их өртжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Марокко: Газар хөдлөлтөд түүхэн дурсгалт газрууд хамгийн их өртжээ

Марокко: Газар хөдлөлтөд түүхэн дурсгалт газрууд хамгийн их өртжээ

Африкийн баруун хойд эргийн Марокко улсад өнгөрсөн Баасан гаригийн шөнө 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлт 23:11 цагт аялал жуулчлалын гол цэг болох Марракешээс баруун өмнө зүгт 71 км зайд, 18.5 км гүнд болжээ. Гамшигт нэрвэгдэж нас барагсдын тоо өссөөр өнгөрсөн шөнийн байдлаар 2122 хүрсэн бол гэмтэж бэртсэн хүний тоо 2421 хүрснийг "CNN" агентлаг мэдээлэв.

Эртний түүхт Марракеш хотын ойролцоо сүүлийн зуунд тохиолдоогүй хүчтэй газар хөдөлсөн нь энэ юм. Аврах албаныхан нуранги доороос хүмүүсийг гаргаж авах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Атласын өндөр уулс орчмын алслагдсан бүс нутагт нурсан байшин барилга маш их байгаа тул хохирогчдын тоо цаашид ч өсөх магадлалтай.

Газар хөдлөлтийн дараа Испаин, Катар, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улсууд хүмүүнлэгийн тусламж илгээсэнд Хаан VI Мохаммед талархал илэрхийлжээ. Мароккогоос ирсэн тусламжийн хүсэлтийн дагуу Испани улс Ням гаригт 56 албан хаагчтай онгоцоо илгээсэн. Түүнчлэн НҮБ хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн тусламж, эрэн хайх, аврах ажиллагааны нэмэлт хүч санал болгожээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Энэтхэгт болсон "Их-20"-ийн уулзалтын үеэр туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. "Мароккогийн эрх баригчид хэрэгтэй гэж үзвэл бид техникийн аюулгүй байдлын багаа тэр чигээр нь дайчлахад бэлэн" гэжээ. Франц улсад 830 мянга гаруй марокко иргэн амьдардаг бол Мароккод 30 мянган гаруй франц хүн бий.

Марракешийн төвд Медина дүүрэгт байрлах түүхэн дурсгалт жижиг сүм үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг байсан ч одоо нэвтрэх хориотой болжээ. Олон зуун хүн ирж залбирдаг байсан ариун сүм газар хөдлөлтөөр бараг бүхэлдээ нурсан байна. Медина дүүрэг нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй. Түүхэн дурсгалт газруудаас хол орших орчин үеийн хэсгүүдэд харьцангуй нөлөөлөл бага байжээ. Тиймээс өчигдөр өглөөнөөс кафе, ресторанууд дахин нээгдэж, нутаг буцаагүй үлдсэн жуулчдад үйлчилж байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж