АНУ-ын Нью Йорк хотноо энэ оны талбайн теннисний Их дуулгын хамгийн сүүлийн “Америкийн Нээлттэй” тэмцээн 14 хоног явагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө Сербийн [2] домогт тамирчин Новак Жокович болон ОХУ-ын теннисчин [3] Даниил Медведев нар тоглож 3 цаг гаруй үргэлжилсэн ширүүн тулаанд Сербийн тамирчин Н.Жокович 6:3, 7:6, 6:3 харьцаатай хожиж өөрийн 24 дахь Их дуулгын түрүү, тус тэмцээний 4 дахь түрүүгээ хүртлээ. Тоглолтын дараа Н.Жокович хэлэхдээ “Миний багын мөрөөдөл бол теннисний хамгийн шилдэг тамирчин болоод Уимблдонд түрүүлж үзэх байсан. Өнөөдрийнх шиг 24 удаа Их Дуулгад түрүүлж үзнэ гэж огт бодож байгаагүй. Манай улсын тухайн үеийн нөхцөл байдал амаргүй байсан. Теннис ч их үнэтэй спорт байсан. Энэ бүх хэцүү цаг үед миний төлөө бүхнээ зориулсан аав ээждээ их баярлалаа гэж хэлмээр байна” гэв. Мөн тэрбээр АНУ-ын домогт сагсчин Коби Брайнтын #24 дугаарын өмсгөл өмсдөг байсан үеийг эргэн дурсч түүнтэй ойр нөхөрлөдөг байсан учраас 24 дахь удаагийн түрүүгээ АНУ-д хүртсэн боломжийг ашиглаад түүнийг дурсан хүндэтгэл үзүүлэв.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын [6] залуу тамирчин Коко Гауфф болон Беларусын теннисчин [2] Арина Сабаленка нар өрсөлдөж нутгийн дэвжээндээ тоглож буй 19 настай тамирчин 2:6, 6:3, 6:2 харьцаатай ялалт байгуулж анхны Их дуулгын цомоо гардан авлаа. Шинэчлэгдсэн чансаагаар дэлхийг анх удаа тэргүүлэх гэж буй А.Сабаленкаг хожсоныхоо дараа Америк тамирчин нулимс дуслуулан хэлэхдээ “Аав ээждээ их баярлалаа. Мөн намайг өндөр амжилт үзүүлж чадна гэдэгт итгэдэггүй байсан хүмүүстээ их баярлалаа. Намайг Их дуулгаас өөр цомын тэмцээнд л түрүүлж чадна. Хэрэв түрүүлчих юм бол түүнээс дээш амжилт үзүүлж чадахгүй гэж шүүмжилдэг байсан. Гэхдээ яг одоо би энд зогсоод Их Дуулгын цомоо гардаж авч байгаадаа маш их баяртай байна” гэв. К.Гауффын хувьд шинэчлэгдсэн чансаагаар 3 дугаар байрт орж бичигдэх юм. Тус тоглолтын дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Обама сошл хуудсаараа дамжуулан К.Гауффт баяр хүргэн мессеж дэвшүүлэв.
Уг тэмцээний эрэгтэйчүүдийн хосын төрөлд АНУ-ын Р.Рэм, Их Британийн Ж.Сэйлсбүри нар шигшээ тоглолтонд Австралийн М.Эбдэн, Энэтхэгийн Р.Бопаннаг 2:6, 6:3, 6:4 харьцаатай хожиж аварга болов. Эмэгтэйчүүдийн хосын төрөлд Нью Зеландын Э.Роутлиф, Канадын Г.Даброуски нар Германы Л.Сиегмунд, ОХУ-ын В.Звонареваг 7:6, 6:3 харьцаатай хожиж түрүүлсэн байна. Холимог хосын төрөлд Казахстаны А.Данилина, Финляндын Х.Хэлиоваара нар талбайн эзэн АНУ-ын А.Кражичек, Ж.Пегүлаг 6:3, 6:4 харьцаатай хожиж аварга болсон байна.
Холбоотой мэдээ