АН-ын 15 дэд даргын нэг нь Ц.Жадамбаа. Тэрбээр Ардчилсан намын чөлөөт эдийн засаг, бизнесийн орчин, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбар хариуцсан дэд даргаар ажиллаж байна. Түүнтэй АН болоод цаг үеийн асуудаар ярилцлаа.
–Ардчилсан нам саяхан ҮБХ-оо хуралдуулж, салбар, чиглэл хариуцсан 15 даргатай боллоо. Харин иргэдийн зүгээс 15 дэд даргы данхар бүтэц хэмээн шүүмжилж байна. Яагаад 15 гэж?
-АН-ыг ийм олон дэд даргатай болно гэдэг хүлээлт нийгэмд байгаагүй байх л даа. Яагаад гэвэл түүхэндээ АН нэг даргатай, дэд даргатай, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүтэцтэй ажиллаж байсан. Би 2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын даргаар дөрвөн жил ажилласан хүн. Тэр үед бүтэц, зохион байгуулалт их энгийн ойлгомжтой байсан. Энэ удаагийн бүтэц АН-ын 33 жилийн түүхэн дэх хамгийн том бүтэц болсон. Яагаад том бүтэцтэй болчихов гэвэл бүх л хүн мэдэж байгаа. Уулзсан хүн бүр асуудаг.
“Танай яам яах гэж байна, хэзээ учраа олох гэж байна, сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу” гэдэг. Бараг гурван жилийн “зовлон” шүү дээ. Энэ хугацаанд дотоод үл ойлголцсон байдал нь сөрөг хүчний ажлаа хангалттай хийх түвшинд хүрээгүй. Нэг үгээр хэлбэл бид анхан шатны нэгжүүдтэй ажиллаж чадаагүй.
Өнөөдрийн улс оронд үүссэн зарим алдаатай бодлогод дугараагүй нь бидний буруу байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, дотогшоо, гадагшаа ажлаа хийж чадахгүй байсаар байгаад арван сарын дараа дараагийн сонгууль эхлэх гэж байна. Энэ арван сарын хугацаанд үндэсний хэмжээний хоёр дахь том намд хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа. Жишээ нь иргэдийнхээ саналыг сонсч, мөрийн хөтөлбөр стратеги боловсруулах гэхчлэн олон ажил үгүйлэгдэж байгаа учраас дээрх бүтэц зурагдан гарч ирсэн. Монгол Улс 21 аймаг, 9 дүүрэг, 30 нэгж, 369 сумтай. Энэ болгонд буюу анхан шатанд очиж ажиллахад ганц дарга хүрэлцэхгүй. Тиймээс 15 дарга маань хуваагдан нэг дэд даргад нэг дүүрэг, нэг аймаг, зарим дэд дарга нар хоёр аймгийг хариуцаж ажиллана. Эдгээр хариуцсан аймаг дүүрэгтээ төлөөллөөр очиж ажиллах юм. Зорилго нь анхан шат, дүүрэгт АН-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
Бид гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж чадаагүй ажлаа арван сарын хугацаанд яаж багтаах вэ хэмээн өдөр болгонтой уралдаж байна.Энэ бүтэц нийгмийн шаардлагаар, бидний дотоодын хэрэгцээгээр үүссэн.
"БИД ӨРӨӨНД СУУДАГ ДАРГА БОЛОХГҮЙ"
-Нэг ёсондоо алдаан дээрээсээ суралцаж шинэ бүтэц бий болгожээ гэж ойлголоо?
-Ерөөсөө тэр. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ыг мэргэжлийн хүмүүс зарим талаараа дүгнэхдээ “институци болж чадахгүй байна, институци болох ёстой” гэдэг асуудлыг тавьдаг. Энэ удаагийн бүтцэд зохион байгуулалтын ажлыг нэлээд хийж байна. Дээрээс нь институци болох зорилт руу явж байна. Тэр агуулгаараа олон ажлыг нугалах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр улс төрийн зөвлөл хуралдаж олон асуудлыг ярилаа. Энэ дунд хамгийн гол асуудал нь АН институци мөн, биш гэдэгт нийгэмд хариулт өгөхийн тулд бид илүү өндөр зохион байгуулалтайгаар ажлын үр дүнгээ харуулах ёстой гэдэг шийдэл рүү явж байна.
Сая сонгогдсон 15 дарга өдөр шөнөгүй ажиллах хуваарьтай байна. Ирэх долоо хоногт Дундговь аймагт төвийн бүсийн чуулганыг зохион байгуулна. Дараа нь Сүхбаатар аймагт зүүн бүсийн чуулганыг хийнэ. Ингэснээр АН-ын гишүүдээ сонсох ажил өндөрлөх шат руу орж байгаа. Залгуулаад энэ сарын 20-ноос арваннэгдүгээр сар хүртэл бид анхан шатандаа очиж ажиллана. Бид өрөөнд суудаг дарга болохгүй, анхан шатандаа очно.
Анхан шатанд очих гэж буй шалтгаан нь бодит байдалд хөрсөн дээр сөрөг хүчний мөрийн хөтөлбөр яаж хэрэгжсэн юм бэ, амьдрал ямар болчхоод байгааг гаргаж ирмээр байгаа юм. Цаасан дээр нэг өөр, бодит амьдрал дээр нэг өөр шүү дээ. Тиймээс анхан шатнаас нь сонсч, дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөртөө шингээх зорилт тавьсан. Удахгүй энэ дагуу тал, тал тийшээ хуваагдах гэж байна даа. АН-ын дарга Л.Гантөмөр дарга болохдоо нэг л том зорилгыг тавьсан нь хамтын удирдлагын системийг нэвтрүүлэх. Одоо гаргаж ирсэн бүтэц, зохион байгуулалт нь хамтын удирдлагын системийн эхний үр дүн. Ганц даргаас хамаарахгүйгээр хамтдаа сууж асуудлаа шийддэг, үйл ажиллагаа явуулдаг хэлбэр рүү бид шилжиж байгаа. Одоо бид ажлаа явуулна, дараа нь ард түмэндээ тайлагнана. Тайландаа дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөр болгоно.
Мөрийн хөтөлбөр бол бидний 2024 оны өрсөлдөөний гол зэвсэг болно гэсэн үг юм.
-Таны яриаг сонсохоор итгэл үнэмшилтэй байна. Гэхдээ АН шинэчлэгдэж чадах уу гэсэн хүлээлт байсаар байна. Ялангуяа ирэх 10 сарын хугацаанд?
-Өнгөрсөн 33 жилийн хугацаанд үеийн үед АН-аас асуудаг нэг л асуулт байдаг. “Танайх яагаад учраа олдоггүй юм, яагаад хэрэлдэж байдаг юм бэ” гэдэг. Үнэн хэрэгтээ АН-ын гол цөм, онцлог нь үүнд байдаг. Яагаад гэвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ямар ч хурал нээлттэй явдаг, нээлттэй хуралдаанд гишүүн бүрийн үгийг сонсдог. Энэ нь магадгүй нийгэмд АН эв түнжингүй, асуудалд өөрөөр ханддаг гэж харагддаг.
Үнэндээ бид нэг зүйлд нэгддэг. Тэр нь Монгол Улсаа яаж хөгжүүлэх юм, хүний эрх, эрх чөлөөг яаж дээдлэх юм, ардчиллаа яаж хамгаалах вэ гэдэгт бид нэгдэж чаддаг учраас бидний гаргаж буй үйлдэл, үг ил байдаг. Энэ нь магадгүй АН хагаралтай гэдэгт дүгнэлтэд хүргэж байгаа юм.
Бидний эцсийн зорилго хөгжилд хүрэх тийм үү. Хөгжилд хүрэхийн тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Өнгөрсөн гурван жилд эв түнжингүй байсан нь гарцаагүй үнэн. Одоо үүн дээр үндэслээд шинэ үеийн буюу 1980-аад оны залуучууд нийт сонгогдсон бүрэлдэхүүний 62.5 хувийг эзэлж байна. Эндээс дүгнэхэд дараагийн үедээ бид арай өөр хэлбэрээр АН-ыг гаргаж ирэх буюу шинэ АН-ыг зарлаж байгаа юм.
Шинэ АН нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө. Бидний нийгэмд гаргаж буй үг үйлдэл бүр нь “энэ чинь АН мөн үү” гэж харахуйц хэмжээнд гарч ирэх байх. Гэхдээ ахмад, өнгөрсөн үеэ зааглаж болохгүй. АН-ын шинэ залуус гарч ирээд “одоо чи хэрэггүй” гэж хэлэхгүй. Тиймээс хамтын ажиллагаанд тулгуурлаж үйл ажиллагаа явуулна.
"АН ХЭРЭЛДДЭГ Ч АМЬДРАЛ ДЭЭР ҮНЭТ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ НЭГДДЭГ УЧРААС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ОРШИЖ БАЙГАА"
-АН дотоод фракцуудынхаа эв нэгдлийг хэрхэн хангаж байгаа юм бол. Магадгүй эв түнжингээ хадгалахын тулд 15 дэд даргатай болсон байхыг үгүйсгэхгүй…
-Түүхэн талаас нь авч үзвэл АН 2000 онд маш том ялагдлыг хүлээн парламентад суудалгүй болсон. Тухайн үед бие даагч Л.Гүндалай АН-д элссэнээр парламентад суудалтай болж байсан хатуу үеийг үзэж байсан. Энэ үед ардчиллын төлөөх таван нам нэгдэж арванхоёрдугаар сарын 6-нд АН-ыг шинээр байгуулж байлаа. Энэ цагаас хойш АН гэх айл явж ирлээ. Ардчиллын төлөө нэгдсэн таван намын угшил нь АН доторх фракц гэх ойлголтыг бий болгосон. Өнөөдөр хүртэл явж ирсэн фракц гэх ойлголт бол таван намын нэгдлийн суурь шүү дээ. Гэхдээ үе шаттайгаар задралд орж, шинэчлэгдэж хувьсч байна.
Магадүй арван жилийн дараа АН өөр дүр төрхтэй болно. Энийг түүхэн талаас нь харах хэрэгтэй. Үүнийг улс төр судалдаг, АН-ын түүхийг мэддэг хүмүүс бүгд сайн мэдэж буй.
"Женко"-ийн гэдэг тодотголтой нь МоАХ, С.Эрдэнийн гэдэг нь МоАН гэдэг ч юм уу. Энэ чинь хуучин өөрийнх нь суурь шүү дээ. Гэхдээ үе шаттайгаар өөрчлөгдөж байгаа. Үүнийг шинэ үеийн залуус ойлгож эхэлж байна. Одоо бид фракц гэх ойлголттой байх юм уу үгүй юм уу. Сонгодог утгаараа улс төр фракцгүйгээр явдаггүй. АН ийм л түүхтэй. Энэ зүйл оршсоор байгаа. Энэ оршиж буй хэлбэр нь АН олон фракцтай гэж харагддаг. Бид муудалцаад, хэрэлдээд байгаа хэр нь амьдрал дээрээ үнэт зүйл зорилго дээрээ нэгддэг учраас АН өнөөдрийг хүртэл оршиж буй Монголын хоёр дахь улс төрийн хүчин байхгүй юу.
-АН-ын дэд дарга болсноор ажлаа юунаас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид ажлаа хувааж авсан. Миний хувьд өөрийнхөө эрхэлж буй бизнест үндэслэн чөлөөт эдийн засаг, бизнес, эрх зүйн орчныг сайжруулъя гэж байгаа юм. Ардчилал бат бэх байхын тулд юу чухал байдаг вэ гэвэл чинээлэг дундаж давхарга байдаг. Чинээлэг, дундаж давхарга хэдий их байх тусам тэр улс орон хөгжлийн зөв замдаа явдаг. Хэт баян, ядуугийн туйл нь улс орныг эрсдэлд аваачдаг учраас АН-ын гол философи нь чинээлэг дундаж давхаргыг бий болгох. Өнөөдөр чөлөөт эдийн засаг, бизнесийн орчныг өшөө сайжруулах шаардлагатай байгаа. Дундаж давхарга гэх ойлголтыг хэт ерөнхий ойлгоод байгаа юм. Тэгвэл эрх зүйн орчныг сайжруулж юу чухал уу гэдгээ ялгах цаг нь болсон учраас энэ сэдвийг барьж авсан.
Дээрээс нь салбарын онцлогоос хамааран эрүүл мэндийн салбар оноогдсон. Мөн хуучин ажиллаж байсан туршлагад үндэслээд мэдээллийн технологийн салбар нэмэгдсэн. Цар хүрээтэй өндөртэй салбаруудад орчихсон, судлах ажил их байгаа.
-Таны хувьд бизнесийн салбарт хөл тавиад багагүй хугацааг өнгөрөөсөн. Энэ утгаараа эрх баригчдын хувийн хэвшлээ дэмжихэд явуулж буй бодлого, үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Салаа утгатай зүйл ярина. Яагаад вэ гэхээр төрд ажиллаж үзээгүй хүн төрийн зовлонг ойлгодоггүй. Би өөрөө төрд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд “манайд” бодлого байхгүй биш байгаа. Хэрэгжихгүй биш хэрэгжиж байгаа. Гэхдээ хангалттай түвшинд бус буюу байгаа онохгүй байна. Хэт тунхаг, цаасан дээр буусан бодлого түлхүү байна. Үүнийг би зөвхөн хэлээд байгаа юм биш. Бодит байдалд иргэдийн хөргөгчийг нээгээд үзэхээр мэдэгдэж байгаа шүү дээ. Бид өнөөдөр моргейжийн зээлээ төлж чадахгүй байдалд орчихлоо. Бизнес маш хүнд байдалд орлоо. Би бодит байдалд жижиглэнгийн худалдаа хийдэг. Гэтэл жижиглэнгийн худалдаанд худалдан авах чадварыг өөрийнхөө орлогоор дүгнээд үзэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш эрчтэй буурч байна. Цар тахлын нөлөө магадгүй бий. Ямар арга хэмжээ авсан юм? Үүнийг би сошиал хуудсаараа дамжуулж идэвхтэй бичдэг байсан. Яагаад гэвэл миний хамгийн ойрхон сэдэв Солонгосын эдийн засаг. Би өөрөө Өмнөд Солонгост сурч төгссөн л дөө. Цар тахлын үед бүхий л улс орнууд судлаач, эдийн засагчид нэг л зүйлд анхаарал хандуулж байсан. Цар тахлын үеийн эдийн засаг, түүнийг давж гарахад улс орнууд ямар бодлого барьж буйд маш их судалгааны ажил явсан. Энэ дээр Монгол Улс анализ хийж чадсан уу? гэдэг нь өнөөдрийн бидний амьдрал дээрээс харагдаж байна. Хэт түүхий эдээс хамааралтай эдийн засагтай учраас нүүрс зогсоход Монгол Улс дуусна.
-Таныг “Женко”-гийн фракцаас гарч ирсэн гэдэг яриа байгаа. Энэ үнэн үү?
-Би ямар нэгэн фракцаас гарч ирээгүй. Зарим сайтууд намайг 1980-аад оны төлөөлөл гэж гарган тавьсан байна лээ. Тэр ер нь оновчтой. Манай 1980-аад оны залуусаас бүрдсэн клуб байдаг. Тэр клубээс нэрээ дэвшүүлж гарч ирсэн. Нэг зүйлийг дүгнэж хэлэхэд АН-ын залууст нэр хоч өгөөд, “тамга” дардаг асуудлыг болиосой. Бид 40 хүрсэн эрчүүд. Одоо бид амьдралыг үзэх үзэлтэй, амьдралдаа таарсан орлоготой, ертөнцийг харах өнцөгтэй болсон учраас улс төрийн баримжааг хэн нэгнээр заалгадаг цаг үе өнгөрсөн. Бид өөрсдийнхөөрөө улс төрийг харж байгаа. Бидэнд ямар нэгэн тамга тэмдэг, “тэрний” хүн гэж талцах шаардлага байхгүй. Бид яаж ялах вэ, улс орноо хэрхэн өөд нь татах вэ гэдгийг ярьж байгаа. Би Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ би тэр хүний хүүхэд биш учраас надтай холбох шаардлагагүй. Би тухайн цаг үед хүчээ өргөөд ажилласан л байхгүй юу. Фракц гэж талцдагийг болиулах ёстойг манай үеийнхэн үйлдлээрээ харуулна.
Холбоотой мэдээ