Түгжрэл шийдэхэд улс төрийн зориг хэрэгтэй байна, МАН-д

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Түгжрэл шийдэхэд улс төрийн зориг хэрэгтэй байна, МАН-д

Түгжрэл шийдэхэд улс төрийн зориг хэрэгтэй байна, МАН-д

Наадмын дараа намар. Хүүхэд, багачуудын сургууль, цэцэрлэг эхлээд нийслэлчүүдийн амьдрал ид бужигнаж байна. Харин жил бүр л ярьдаг өнөөх түгжрэл хэвээрээ. Арга ядахдаа тэгш, сондгойгоор зорчуулах сонголт хийсэн ч түгжрэл хэвээрээ. Хар ухаанаар бол нийслэлийн бүх машины 50 хувь нь зорчиж байгаа гэж тооцвол түгжрэл эрс буурах ёстой. Гэвч тэгш, сондгой гэсэн сонголт ч түгжрэлийг бууруулахад нэмэр болсонгүй. Угтаа бол тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд ороцуулах нь арга ядсан, түр зуурын арга болох нь олон ч жил туршигдаж буй сонголт.

Тэгш, сондгой хэрэгжүүлэх сургаар зарим нь хоёр дугаар авч байхад, боломжтой,  хоёроос дээш машинтай нь өдөр өдрөөр ээлжлэн замын хөдөлгөөнд орж байна.

Мэдээж түгжрэлийг бууруулахын тулд нүхэн гарцуудыг нэмэх, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчуулах, нийтйин тээврийн парк шинэчлэл гээд олон арга хэмжээ авч байна. Гэвч энэ бүхэн түгжрэлгүй болох төгс шийдэл биш гэдэг нь өнөөдөр ч харагдаж байна. Түгжрэлийг бууруулахаар Хотын захиргаанаас олон төсөл санаачилж байгаа ч төсөв, санхүүгээс эхлээд олон бэрхшээл бий.

Өдрөөс өдөрт нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хирээр автомашины тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Тэгвэл одоо эрх баригчдад зоригтой, төсөв санхүү, төлөвлөгөөтэй зөв шийдлийг зоригтойгоор хийх ёстой цаг болжээ. Ердөө хоёрхон жилийн дараа одоогийн ийм байдлаар явбал нийслэлчүүд зам дээрээ тэг зогсоно гэдгийг судлаачид хэлж байгаа.

Нөгөөтэйгүүр нийслэлийн хүн ам 2045 онд  2,9 сая  хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад буй.

Сүүлийн бараг 20 жил  түгжирч байгаа нийслэлчүүд түгжрэл бодит байдал дээр ямар байгаа, яагаад түгжрэл үүсч байгаа, буруу төлөвлөлттэй хот, анхнаасаа хууль эрх зүйгээ зөв, төлөвлөттэй хэрэгжүүлээгүй, хотыг дэлхийн бусад хот шиг зохион байгуулаагүйн горыг амсч, түгжирч, түгжрэлд маш их цаг мөнгө, эрүүл мэндээ алдаж байгаа. Олон тоо судалгаа, баримт, мэдээллүүд байгаа ч түгжрэлийг шийдэх дорвитой шийдэлгүй өнөөдрийг хүрэв.

Метро, lRT, BRT гээд том төслүүдийн талаар сонсохоос цаашгүй, цаасан дээр ч буугаагүй олон төслийн талаар сонссоор одоо бид түгжрэл энгийн зүйл шиг болжээ.

Тиймээс одоо л шийдэл гарц хайхгүй бол Улаанбаатарын хүн ам цаг минутаар өснө, өндөр насжилттай, хуучин автомашин тоо жилээс жилд л нэмэгдэнэ. Хотоо тэлэх, шинэ хот, дагуул хот байгуулах асуудал урт хугацааны төлөвлөгөө байж болох ч богино хугацаанд хурдан хугацаанд үр дүнгээ өгөх шийдэл хүлээсээр байна, нийслэлчүүд.

Хамгийн сүүлд Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын танилцуулснаар, нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй машины 48 хувь нь 16 болон түүнээс дээш жилийн насжилттай, хуучин машин байна гэсэн. Мөн 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын 76.6 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа аж. Тиймээс эхлээд торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөн оролцуулахгүй байх, хуучин автомашины импортыг их, бага хэмжээгээр хориглох, буруу хүрдтэй машиныг хориглох шийдвэрийг даруйхан гаргах гээд түгжрэлийг шийдэх зоригтой алхамууд хийх хэрэгтэй байгааг судлаачид, иргэд ч хэлдэг.

Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгт орсон тээврийн хэрэгслийн 35 хувь нь зүүн талдаа, 65 хувь /2020 оны судалгаа/ нь баруун талдаа хүрдтэй байна.

2021 онд Монгол Улсад нийт 723,218 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсаны 59 хувь нь Улаанбаатар хотод хамрагджээ. Үүний хамрагдсан 84 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 14 хувь нь 4-9 жилийн, 2 хувь нь 0-3 жилийн насжилттай гэсэн судалгаа гарчээ.

Мэдээж амьдралын чанар, иргэдийн амжиргаанаас шалтгаалаад хуучин автомашины татварыг бууруулах нь зөв бөгөөд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бий. Үүний тулд хууль эрх зүйн хувьд, УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах учиртай.

Жил бүр тэгш, сондгойгоор зорчуулахаас өөрөөр түгжрэлийг шийдэх гарцгүй мэт олон нийтэд дүгнэгдэж буй ч Түгжрэлийн сөрөг нөлөөлийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар Зөрчлийн тухай хуулийн төслийг санаачлаад намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй гэх гэгээтэй мэдээ бий. Харин энэ нь олон нийтийн эсэргүүцлийг давж гарахаас гадна, УИХ-ын гишүүд сонгуулийн оноо “хайж” хуулийн төслийг явуулах уу гэдэг эргэлзээтэй тулгарч буй.

Урьдчилсан байдлаар хуулийн төсөлд,  буруу хүрдтэй машин, насжилт өндөртэй автомашины татварыг үе шаттай нэмэх, торгуулиа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөн оролцуулахыг хязгаарлах гээд олон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бий.

Мэдээж түгжрэлийг бууруулахын тулд зоригтой шийдэл гаргах нь УИХ-аас шалтгаална. Түгжрэлийг шийдэхийн тулд хууль эрх зүйн аргаар, улс төрийн хувьд зоригтой шийдэл гаргаж байж урагшилна. Харин сонгууль дөхсөн энэ цаг үед эрх баригч нам,  УИХ-ын гишүүд иргэдийн дургүй хүргэсэн, хүч түрсэн арга хэмжээ авахыг хүсэх болов уу.  Угтаа бол улс төрийн нүүдэл, өөрсдийн эрх ашгийг харахаас илүү нийтийн эрх ашгийг хамгаалсан, нийтийн асуудлыг шийдсэн чухал хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж