Венецийн олон улсын 80 дахь удаагийн кино наадмын "Оризонти" хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарчээ. Венецийн кино наадмыг 2023 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-ний өдрүүдэд Итали улсад зохион байгуулсан. Тус кино наадмын "Оризонти" уран сайхны кино хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино сонгогдон оролцож, дэлхийн нээлтээ хийсэн юм.
Венецийн кино наадмын захирал Алберто Барбера монгол, франц, португал, голланд, германы уран бүтээлчдийн хамтын бүтээл “Сэр сэр салхи” уран сайхны киноны уран бүтээлчдийг 1500 хүний суудалтай "Дарсен" их танхимын хойморт угтан авч, хүндэтгэл үзүүлcнээр уг бүтээлийн дэлхийн нээлтийн албан ёсны үйл ажиллагаа эхэлжээ.
Кино наадмын хөтөлбөр олон улсын уралдаант, залуу уран бүтээлчдийг дэмждэг "Оризонти" болон нийт зургаан хэсгээс бүрддэг бөгөөд энэ жилийн "Оризонти" хэсэгт Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Белги, Тунис, Непал, Шриланк, Швед, Голланд, АНУ, Швейцарь, Румын, Бразил, Гүрж, Португали, Япон зэрэг 20 гаруй олон улсын хамтарсан 18 бүтээл сонгогдон оролцож, наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдсөн байна.
“Сэр сэр салхи” бүтээлийг наадмын үеэр нийт таван удаа толилуулж, 8000 гаруй үзэгчдэд хүргэжээ.
"Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг. Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байв. Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч.
Холбоотой мэдээ