Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцлөхөөр тогтов.
Монгол Улсын иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Узбекистанд визгүй зорчдог болсон. Харин 2022 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс Узбекистан улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог болсон. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хэрэгцээ, зах зээл өсөхөөс гадна авто тээврийн жолооч нарын хувьд хоёр орны хооронд болон гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийхэд визийн хөнгөлөлт нь чухал дэмжлэг болох юм.
Монгол Улс, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиосон. Энэ үеэр Монгол, Узбекистан хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд болохыг онцолж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтойг албаныхан онцолж байв.
Холбоотой мэдээ