Хойд Солонгос улс байгуулагдсаныхаа 75 жилийн ойг Оросын дипломатууд болон Хятадын төлөөлөгчид оролцсон парадаар тэмдэглэв. Пёньяны хотын Ким Ир Сений талбайд Баасан гаригт болсон арга хэмжээнд дүрэмт хувцастай хагас цэрэгжсэн бригадууд оролцжээ.
Ёслолын ажиллагаанд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун үг хэлж, Оросын цэргийн дуу бүжгийн чуулга болон Бээжингийн албаны хүмүүс оролцов.
Хойд Солонгос байгуулагдсаны 75 жилийн ойд баяр хүргэсэн илгээлтдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "хоёр орны харилцааг бүх талаар бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь Солонгосын хойг болон зүүн хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад тусална" гэж мэдэгджээ.
"БНАСАУ-ын дэглэмийг хүлээн зөвшөөрсөн анхны улс бол ЗХУ" гэдгийг Путин онцлон тэмдэглээд, хоёр орны харилцаа үүнээс хойш нөхөрлөл, сайн хөрш, харилцан хүндэтгэх зарчмууд дээр тогтсон гэв.
Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын яам энэ долоо хоногийн эхээр дипломат болон техникийн 20 ажилтныг авчрахыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойн баярыг тохиолдуулан удирдагч Ким Жон Унд утсаар баяр хүргэсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлсэн. Түүнчлэн Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Гуожун тэргүүтэй төлөөлөгчид парадад оролцож, Ким Жон Унтай уулзсан байна.
Тус арга хэмжээнд энгийн армийн цэргүүд гэхээсээ илүү хагас цэрэгжүүлсэн хүчнийхэн оролцсон бөгөөд тус улсын баллистик пуужин зэрэг хориотой зэвсгийг үзүүлээгүй гэж төрийн хэвлэлүүд мэдээлж байна.
Их гүрнүүдийн дэлхийд ноёрхлоо тогтоох өрсөлдөөний золиос болсон солонгос үндэстэн 70 гаран жил өнгөрсөн ч нэгдэж чадахгүй байсаар. Энэ хооронд Солонгосын хойгийн хойд хэсэг дэх нууцлаг хаалттай улсыг удирдагч гурвантаа үе залгамжлан солигджээ. Коммунист үзлийг хэт шүтэгч Ким Ир Сений ЗХУ-ын дэмжлэгтэй үүсгэн байгуулсан Хойд Солонгосыг өдгөө түүний ач Ким Жон Ун удирдаж байна.
Солонгосын дайн анх 1950 оны зургадугаар сарын 25-нд Хойд Солонгосын цэргүүд Өмнөдийн тал руу дайрснаар эхэлсэн. Энэ нь "хүйтэн дайн"-ы үеийн хамгийн том дайн байсан бөгөөд Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2.5 сая гаруй солонгос хүн амь үрэгдсэн.
Харин 1953 оны долдугаар сарын 27-нд талууд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурснаар асуудал намжсан юм. Гэвч тухайн үед АНУ-ын дэмжлэгтэй Өмнөд Солонгос, ЗХУ-ын талыг баримтлагч Хойд Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулаагүй тул дайныг албан ёсоор дуусаагүй гэж үздэг бөгөөд талууд өнөөдрийг хүртэл дайсагнасан байдалтай байна.
Холбоотой мэдээ