Дорнын эдийн засгийн форум-2023 Владивосток хотноо эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.09.10-нд нийтлэгдсэн

Дорнын эдийн засгийн форум-2023 Владивосток хотноо эхэллээ

Дорнын эдийн засгийн форум-2023 Владивосток хотноо эхэллээ

Дорнын эдийн засгийн ээлжит VIII форум 2023 оны есдүгээр сарын 10-ны өдөр Владивосток хотноо эхэллээ.

Дорнын эдийн засгийн форум (ДЭЗФ )нь Алс Дорнодын эдийн засаг, дэд бүтэц, нийгэм-соёлын хөгжлийн асуудлуудыг хэлэлцэх талбар юм. Форумын хэлэлцэх гол асуудлуудыг нэрлэвэл цаг үеийн шинэ нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологийн шинэчлэлийн асуудлууд, Хойд тэнгисийн далайн тээвэр идэвхтэй хөгжиж байгаа энэ үед ложистикийн гинжин хэлхээг шинээр бий болгох зэрэг юм. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд форумын үеэр Энэтхэг, Хятад, Лаос, Монгол улсууд болон АСЕАН, БРИКС, ЕвроАзийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай төрөл бүрийн бизнес яриа хэлэлцээ хийхээр төлөвлөгдөөд байна. Ажил хэргийн шахуу уулзалтуудаас гадна бүс нутгийн хөгжлийг хангах шинэ шийдлүүдийг гаргаж ирэх нь форумын хөтөлбөрийг улам баяжуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн ДЭЗФ-ыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков хэллээ.

Энэ жилийн форум “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн замд” гэсэн сэдвийн дор зохиогдож байна. Энэ хүрээнд сэдэвчилсэн 6 хуралдаан явагдана. Тухайлбал, “Өөрчлөгдөн буй дэлхий дахины олон улсын хамтын ажиллагаа”, “Ложистикийн өөрчлөлт”, “Алс Дорнод 10 жилийн хугацаанд: Юу болов? Юу хийх хэрэгтэй вэ?”, “Технологийн хөгжил нь тусгаар байхын баталгаа”, “Ирээдүйн Алс Дорнод”, “Боловсрол болон хүмүүжил нь бие даасан байхын үндэс” гэсэн сэдвүүд байх юм.

Анх зохион байгуулагдсан цагаасаа хойш ДЭЗФ нь улстөрчид, бизнесмэнүүд, сэтгүүлчдийн уулздаг нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн талбар болсон. Жишээ татахад, өнгөрсөн 2022 оны форумд ОХУ-ыг оруулаад 68 улсын 7000 гаруй төлөөлөгч, сэтгүүлч оролцсон. ОХУ-ын 700 компанийг төлөөлсөн 1700 бизнесмэн оролцжээ. ДЭЗФ-2022-ын хүрээнд 100 орчим арга хэмжээ явагдсаны 70 гаруй нь сэдэвчилсэн хуралдаанууд байсан. Форумын түүхэнд өмнө байгаагүй олон тооны хөрөнгө оруулалтын хэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах тохиролцоо хийгдсэн. Нийтдээ 3 их наяд 272 тэрбум рублийн үнийн дүн бүхий 296 гэрээ хийгдсэний дотор дэд бүтэц, тээвэр, барилга, уул уурхайн олборлолт, аж үйлдвэр, ХАА-н салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлцлүүд байлаа.

ДЭЗФ-2022-ын гол чухал хэсэг нь “Олон туйлт дэлхийн төлөө” сэдэвтэй нэгдсэн хуралдаан байсан бөгөөд энэхүү хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Армянийн Ерөнхий сайд Н.Пашинян болон БНХАУ, Мьянмарын төлөөлөгчид оролцсон. Нэгдсэн хуралдааны үеэр дэлхий шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа талаар, ийм шинэ нөхцөлд бүс нутгуудад, тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутагт эрч хүчтэй, ирээдүйтэй улс орны гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа талаар нэг бус удаа яригдсан. Коронавирусийн цар тахлын дараах болон олон улсын харилцааны хямралын амаргүй цаг үед форум болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлолсон. “Гэхдээ энэ шинэ нөхцөл байдал нь Монгол, Оросын хувьд шинэ боломжуудыг бий болгож байна. Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараараа Ази тивдээ тэргүүлэх улс болохоор зорьж байна. Монгол бол далайд гарцгүй улс. Тиймээс Монгол Улсын хувьд хилийн боомтуудын хөгжил чухал ач холбогдолтой. Мөн Монгол Улс эрчим хүчний томоохон төслүүдэд хамтран оролцоход бэлэн байна” хэмээн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

ДЭЗФ нь 8 жилийн хугацаанд Алс Дорнодын бүс нутагт нэг их наяд илүү рублийн хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас гадна Ази, Номхон далайн орнуудын улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өргөн талбар болжээ.

ДЭЗФ-2023 нь шинэ хамтын ажиллагааны эхлэлийн цэг болохоос гадна олон туйлт дэлхийн эдийн засаг, боловсрол, геополитикийн өмнө байсан хуучин хамтын ажиллагааг улам бэхжүүлэх болно. Форумын зохион байгуулагчдын мэдээлснээр Владивосток хотноо 10 гаруй улсын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас гадна, Төв Ази, Африк, Латин Америкийн төлөөлөгчдийн 400 гаруй илтгэл тавигдана.

Форумд оролцох Монголын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байна. Есдүгээр сарын 12-ны өдөр “Орос-Монгол” бизнес уулзалт болох бөгөөд энэ үеэр хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, ирээдүйн төсөөллөө тодорхойлно. Мөн геополитикийн шинэ нөхцөл байдал нь ямар шинэ боломж бий болгож байгаа болон ямар асуудлуудад илүүтэй анхаарал хандуулах зүйтэй талаар ярилцана.

Өнөө цаг үед ОХУ Азийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн харилцаагаа эрчимтэй хөгжүүлж байна. Европ тивийн аюулгүй байдлын нөхцөл огцом дордсон нь Азийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэх хөшүүрэг болж байна. Гэхдээ үүнээс илүүтэй Оросын Ази дахь хамтын ажиллагааны хамгийн гол шалтгаан болон амжилтын үндэс нь он удаан жилийн турш энэ бүс нутагт улс төрийн яриа хэлцэл өрнүүлж, харилцан хөрөнгө оруулж, худалдааг хөгжүүлж ирсэн Оросын Дорнын зүг эргэсэн геополитикийн бодлого юм. Арав гаруй жилийн өмнөөс баримталж буй Оросын Дорнын бодлогын төв нь Алс Дорнод бөгөөд Алс Дорнод бол Оросын эдийн засгийн Азийн улс орнууд руу нэвтрэх зангилаа болж байна.

Улс төрийн нөхцөл байдал муудсан ч (Япон, Өмнөд Солонгос, Сингапурын тухай өгүүлж байна) Азийнханд байдаг өвөрмөц прагматик чанар нь одоо Европод болж байгаа шиг харилцаагаа таслах хэмжээнд аваачихгүй. Худалдааны эргэлтээр ОХУ нь Энэтхэгийн тав дахь түнш болоод байна. Украины хэрэг явдлаас өмнө Энэтхэгийн нефтийн бүтээгдэхүүний импортын 1%-ийг Орос эзэлж байсан бол 2023 оны тавдугаар сарын байдлаар 46% болжээ. Орос-Пакистаны хооронд ачаа тээвэр хийгдэж эхэллээ. 2022 оны долдугаар сараас 2023 оны тавдугаар сар хүртэл Орос-Пакистаны худалдааны эргэлт 34% нэмэгдээд байна. Хятад улс худалдааны эргэлтээр анх удаа Оросын гол түнш байсан Европын холбоог ардаа орхилоо. Энэ 2023 оны дунд үеэс ОХУ, БНХАУ аль аль нь барууны санхүүгийн дэд бүтцээс татгалзаад байна.

АСЕАН-ы ихэнх улс (Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Тайланд, Бруней, Кампуч, Малайз) Оросын эсрэг авсан барууны хоригт нэгдэлгүй, Оростой худалдааны харилцаагаа хадгалж байгаа төдийгүй Украины асуудлаар төвийг сахисан байр суурийг баримталж байна. АСЕАН-ы орнуудаас ганцхан Сингапур улс Украины асуудлаар Оросыг буруутган барууны хоригт нэгдсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблейн Оросын эсрэг тогтоолыг Япон, Өмнөд Солонгос дэмжсэн хэдий ч өөрсдөд нь ашигтай төслүүдээ үргэлжлүүлсээр байна. Японы компаниуд “Сахалин-1” болон “Сахалин-2” төслөөс гараагүй бөгөөд “Арктик-СПГ-2” төсөл дэх хувиа хадгалсаар байна. 2023 оны тавдугаар Япон улс Оросоос авах үр тарианы импортоо 21 дахин, байгалийн хийн импортоо 9,1%-иар тус тус нэмэгдүүллээ.

Ц.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж