Африкийн баруун хойд эргийн Марокко улсад Баасан гаригийн шөнө 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 300 орчим хүн амь үрэгдлээ. "Урьдчилсан мэдээгээр газар хөдлөлтийн улмаас Аль-Хауз, Марракеш, Уарзазат, Азилал, Чичауа, Тарудат мужуудад 296 хүн амь үрэгдлээ" гэж Мароккогийн Дотоод хэргийн яам мэдэгджээ. Мөн 153 хүн бэртэж гэмтсэн байна. Газар хөдлөлт 23:11 цагт аялал жуулчлалын гол цэг болох Марракешээс баруун өмнө зүгт 71 км зайд, 18.5 км гүнд болжээ.
Газар хөдлөлтийн үеэр цахилгаан 10 минутын турш тасарчээ. Мөн утасны сүлжээ тасарсан ч удалгүй бүгд хэвийн болсон гэж нутгийн иргэн мэдээлэв.
Эрх баригчид нөлөөлөлд өртсөн бүс нутаг дахь иргэдэд туслахын тулд шаардлагатай бүх нөөцийг дайчлаад байна. Марракешийн эмнэлгүүд гэмтэж бэртсэн хүмүүсээр дүүрчээ. Мөн оршин суугчдыг бүс нутгийн цус сэлбэх төвд очиж шархадсан хүмүүсийн төлөө цусаа хандивлахыг уриалав.
Далайн эргийн Рабат, Касабланка, Эссауира хотуудад ч газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Мөн хөрш зэргэлдээ Алжир улсад ч мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээг гаргадаг "PAGER" систем улбар шар өнгийн дохио өгч, их хэмжээний хохирол учирч болзошгүй гэж тооцоолсон байна.
Мароккогийн зүүн хойд хэсэгт орших Аль Хосейма хотод болсон 2004 оны газар хөдлөлтөөр 628 хүн амиа алдаж, 926 хүн шархдаж байв.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ