Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг Номхон далайд асгаж эхэлсэн. Энэ үйлдлийг эсэргүүцэн Өмнөд Солонгосын иргэд Ерөнхийлөгчийн тамгын газрын зүг жагсахаар төлөвлөсөн ч цагдаагийн зүгээс хориглоод байв. Тэгвэл Сөүлийн шүүх Баасан гаригт жагсахаар төлөвлөсөн иргэний хөдөлгөөнийхнийг дэмжлээ.
"Бохирдсон цацраг идэвхт усыг далайд асгахын эсрэг хамтын ажиллагаа" нэртэй иргэний бүлэг энэ Бямба гариг болон ирэх Бямба гаригуудад Сөүлийн төв дэх Ерөнхийлөгчийн тамгын газрын зүг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Тэдний жагсаал урьдчилан зөвшөөрөл мэдүүлсэн бусад байгууллагын цуглаантай зөрчилдөж болзошгүй гэх үндэслэлээр жагсаал зохион байгуулахыг цагдаагаас хэсэгчлэн хоригложээ. Тиймээс иргэний бүлгийнхэн уг шийдвэрийг хүчингүй болгохоор хэрэг үүсгэсэн юм.
Сөүлийн Захиргааны хэргийн шүүх иргэний бүлгийнхнийг Самгакжи өртөөг хамарсан Ерөнхийлөгчийн тамгын газраас 1.4 км зайд жагсахыг зөвшөөрчээ. Мөн цагдаагийн хориг нь жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзэв. Гэвч жагсаалд оролцогсдын тоог 1000-аас хэтрүүлэхгүй байхаар шийдсэн байна. Иргэний бүлгийнхэн 8000 хүнтэй жагсана гэж төлөвлөж байсан. Мөн жагсагчдыг авто зам дээрх автобусны эгнээнд нэвтрэлгүйгээр бусад хоёр эгнээнд жагсахыг даалгажээ.
Эргэн сануулахад, 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын гурван реактор хайлсан. Үүний улмаас атомын цахилгаан станцад хадгалагдаж байсан цацраг идэвхт усыг Япон улс өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн далайд асгаж эхэлжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ