Украин дахь дайнтай холбоотойгоор олон улс ОХУ-д хориг арга хэмжээ авсан. Гэсэн ч тус улсын худалдааны идэвхжил наймдугаар сард өсчээ.
"Оросын боомтуудад ирж буй чингэлэгт хөлөг онгоцны тоо нэмэгдэж байна. Хориг арга хэмжээ, рублийн ханш суларсан зэрэг хүчин зүйл байгаа ч дайн эхлэхээс өмнөх түвшиндээ бараг л хэвээр байна. Орос улс дэлхийн худалдааны тавцанд эргэн нэгдэж байх шиг байна" гэж Киелийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэн Пүрэв гаригт гаргасан тайландаа дурджээ.
Тус тайланг Оросын хамгийн том гурван чингэлэг боомт болох Санкт-Петербург, Владивосток, Новороссийск боомтуудад буулгасан барааны хэмжээг үндэслэн гаргажээ. Бараанууд чухам хаанаас ирсэн нь тодорхойгүй ч боомтуудын үйл ажиллагаа гайхалтай идэвхтэй байгаа аж. Тус хүрээлэн өнгөрсөн наймдугаар сард Оросын гурван том боомтоор дамжин өнгөрсөн чингэлэгийн хэмжээг задаргаа хийгээгүй. Гэсэн хэдий ч хүрээлэнгийн тайланд Оросын гурван том боомтод ирэх чингэлэг ачааны жилийн өөрчлөлтийг харуулсан графикийг хавсаргажээ.
Хятадын ОХУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүн наймдугаар сард ам.доллараар хэмжигдэхүйц өссөнийг "Bloomberg" агентлаг мэдээлсэн. Тодруулбал, Хятад улс 11.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, түүний дотор эрчим хүчний бүтээгдэхүүн, түүхий эд худалдаж авчээ. Дайнаас хойш хоёр улсын худалдаа огцом нэмэгдсэн. Энэ оны эхний найман сарын байдлаар Хятад, Оросын худалдааны нийт хэмжээ 155 тэрбум ам.долларт хүрсэн байна. ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин тавдугаар сард "Манай улсын Хятадтай хийсэн худалдаа энэ онд 200 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны 190 тэрбум ам.долларын амжилтыг давах төлөвтэй байна" гэж хэлж байв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ