Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийв

Г.Занданшатар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар өнөөдөр (2023.09.08) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Парламентын дарга нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн дараа хэрэгжиж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдан, Лаосын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Mонголын ард түмэн бүхий л цаг үед Лаосын ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлж ирснийг талархан тэмдэглээд элэгсэг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хуралд дахин 50 хос улаан зандан модон ширээ, сандлыг бэлэглэхээр болсноо дуулгасан юм. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг тааламжтай цагтаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлахыг урив.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Мөн АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоох дээд байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа цохон тэмдэглэсэн юм.

Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг улам эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, нийгмийн эрүүл мэнд зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллахаар ярилцсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Лаос оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болохыг ноён Сайсумпон Фумвихан тэмдэглээд тэтгэлгийн хэмжээг эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг хүсэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ирэх оны төсвийг хэлэлцэн батлах үеэр нааштай шийдвэрлэхээ хэллээ.

Парламентын тэргүүн нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө манлайлан ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн юм.

БНАЛАУ-ын Вьентьян хотыг БНХАУ-ын Юнань мужийн Куньминь хоттой холбосон төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн нь  далайд гарцгүй, хөдөө аж ахуйд суурилсан Монгол Улс болон БНАЛАУ-ын хувьд дэд бүтцээр холбогдох, олон салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой болгож байгааг талууд тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж