Хойд Солонгос улс цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай шинэ шумбагч онгоцоо сүр дуулиантайгаар танилцууллаа. Энэ шинэ шумбагч онгоц нь Хойд Солонгосын цөмийн саатуулах хүчин чадлыг өндөр түвшинд гаргасан гэж хэвлэлд мэдээлэв. Цаашилбал, энэ нь АНУ болон түүний холбоотнуудтай тэмцэхийн тулд цөмийн зэвсэгтэй флот байгуулах Ким Жон Уны хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Цөмийн довтолгооны шумбагч онгоц нь эртнээс Хойд Солонгосын хүслийн жагсаалтад байсан бөгөөд цөмийн хөтөлбөрийн чухал хэсэгт тооцогддог.
Далайн шумбагч онгоцыг усан доороос олоход хэцүү байдаг тул далайгаас цохилт өгөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Гэхдээ хэдий хэмжээний зэвсэг тээвэрлэх чадалтай нь тодорхойгүй. Цөмийн зэвсгийн хүчин чадалтай арми байгуулах нь улс орны нэн тэргүүний яаралтай ажил гэж Ким Жон Ун тодорхойлсон. Энэ хүрээнд цөмийн зэвсгийн хүчин чадалтай шумбагч болон бусад хөлөг онгоцоо өөрчлөхөөр төлөвлөж байна.
Шинэ шумбагч онгоцны нэрийг "Hero Kim Kun Ok" буюу "Ким Күн Ок баатар" гэдэг. Тус онгоц нь дор хаяж 10 хөөргөх хоолойтой бөгөөд дөрөв нь арай том хэмжээтэй. Тэдгээр нь пуужин хөөргөх зориулалттай байж магадгүй гэж үзэж байна.
Харин Өмнөд Солонгосын тал Умардын шинэ шумбагч онгоцны ач холбогдлыг арай багаар үнэлэв. "Шинэ шумбагчийн дүр төрхийг харахад түүнийг хэвийн байдлаар ажиллуулах боломжгүй. Хойд Солонгос өөрсдийн хүчин чадлыг хэтрүүлж байна" гэж БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ.












Эх сурвалж: AP