Хятадын экспорт дөрвөн сар дараалан буурсны дараа мөнгөн тэмдэгт юанийн ханш сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч унасан нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх санаа зовнил улам нэмэгдэж байна. Албан ёсны мэдээллээр, наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 8.8 хувиар буурч, юанийн ам.доллартай харьцах ханш 2007 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрч суларчээ. Энэ нь цар тахлын эсрэг хатуу хориг, хязгаарлалтын "Тэг ковид" бодлогоо зогсоож, хилээ нээснээс хойш Хятадад эдийн засгийн хүндрэл үүсээд буйг харуулж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Хятадын валютын ханш 0,1 хувиар буурч, нэг ам.доллар нь 7,3259 юаньтай тэнцэж байна.
Хятадын экспортын хэмжээ буурсныг эдийн засагчид голчлон дэлхийн хэмжээнд өндөр байгаа инфляцийн түвшинтэй холбон тайлбарлаж байна. Экспортын бууралт төсөөлж байснаас бага байсан ч өнгөрсөн долдугаар сард 14.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Ерөнхийдөө өнгөрсөн наймдугаар сард барууны орнуудад хийсэн экспорт мэдэгдэхүйц буурч, АНУ-д борлуулсан бараа бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурсан байна.
Гэтэл Украины дайныг үл харгалзан Кремльтэй хийсэн худалдааны харилцаа гүнзгийрч, Орос руу хийсэн экспорт 63 хувиар өсчээ.
Түүнчлэн цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдсэнээр Хятадын автомашины экспорт нэмэгдэж, энэ оны эхний найман сарын хугацаанд 104 хувиар өссөн байна.
Хятадын хэрэглэгчдийн эрэлт суларсан нь импортод цохилт болжээ. Хэрэглэгчдийн эрэлт өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал үргэлжилж байгаа бөгөөд айл өрхүүд томоохон бүтээн байгуулагчдын төслөөс татгалзаж, шинэ барилгуудыг бүрэн барьж дуусгахаар тэмцэж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ