Европын хамгийн залуу удирдагчдын нэг, Украиныг дэмжигч хүчтэй дуу хоолой, Финландын ерөнхий сайд асан Санна Марин улс төрийг орхиж буйгаа өчигдөр /2023.09.07/ зарлав. Тэрбээр Финландын улс төрөөс явж, Лондонд төвтэй төрийн бус байгууллагад ажиллах болжээ. Тодруулбал, Санна Марин "Дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн Тони Блэйр хүрээлэн"-д стратегийн зөвлөх хийнэ.
Одоо 37 настай Санна Марин 2019 онд албан тушаалаа хүлээж авсан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэл зүүн төвийн таван намын эвслийг тэргүүлсэн.
Covid-19 цар тахалтай тэмцэхэд оруулсан түүний хувь нэмрийг улс орон өндрөөр үнэлж байв. Мөн Украин дахь дайнд дуу хоолойгоо өргөх болсноор олон улсад нэр хүнд нь өсчээ. Түүнийг албан тушаалдаа байх хугацаанд Финланд улс НАТО-ийн 31 дэх гишүүн орон болсон гээд Санна Маринтай холбогдох гавьяа олон бий.
"Цааш явах цаг боллоо. Шинэ ажил үүргээ хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь Финландад ч ашиг тусаа өгнө гэдэгт би итгэж байна. Би Финландын сонгогчдод шинэ албан тушаалаараа дамжуулаад илүү сайн үйлчилж чадна гэдэгтээ итгэж байна. Шинэ ажил үүргийнхээ хүрээнд сайн засаглал, технологи, уур амьсгал, жендерийн тэгш байдал зэрэг сайн мэдэх бодлогын асуудлуудаараа олон орны засгийн газар, удирдагчдад зөвлөж ажиллана" гэж Санна Марин ярьжээ. Тэрбээр энэ сарын эхээр Социал демократ намын даргын суудлаасаа буусан.
Санна Марин ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хэд хэдэн удаа дуулиан шуугианд холбогдож байв. Тухайлбал, 2022 онд түүний найзуудтайгаа наргиж буй зураг цахим сүлжээнд тарж, хамгийн сахилгагүй ерөнхий сайдаар нэрлэгдсэн.
Эх сурвалж: AP