Саяхныг хүртэл Бээжин дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлдэг байлаа. Байлаа гэхийн учир нь Хятадын агаарын бохирдолтойгоо хийх тэмцэл илтэд үр дүнд хүрчээ.
Бээжингийн утааг бууруулсан нууц нь хагас кокс түлш.
Утаа, агаарын бохирдол дээд цэгтээ хүрэхэд хятадууд түүхий нүүрсний үйлдвэрийг халж улмаар нүүрсийг угааж, өндөр температурт жигнэн “хорыг” нь бууруулан хагас кокс болгосноор 2017 онд хэрэглээнд нэвтрүүлжээ. Хэрэглээнд нэвтэрсэн тухайн жилдээ утаа хоёр дахин буурч, Бээжин агаарын бохирдлоос гурван жилийн хугацаанд ангижирчээ. Үүнтэй мөн адилаар Лондон, Өмнөд Солонгосын хотуудад хагас кокс түлшийг хэрэглэж утааг “мартсан” түүх бий.
Харин Монголд агаарын бохирдлыг бууруулахаар 2018 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг байгуулж, шахмал түлшийг нэвтрүүлсэн. Тухайн жилдээ утаа буурч иргэд ам сайтай байсан ч энэ технологи жилээс жилд хоцрогдож утаатай хэвээр байгааг албаныхан үгүйсгэсэнгүй. Ялангуяа одоо хэрэглэж буй мидлинг түлш утааг 30 хувиас дээш бууруулж чадахгүй нь бодит үнэн гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч байна.
Тиймээс Эрчим хүчний яамнаас өнгөрөгч хавраас эхлэн одоо байгаа мидлинг түлшийн түүхий эдийг солих туршилтыг эхлүүлж, хагас коксоор 97 удаагийн галлагаа хийж, лабораторийн үзүүлэлтээр утаа хоёр дахин буурсан үр дүн гарчээ.
Хагас кокс гэдэг нь өндөр дэгдэмхийтэй нүүрсийг нам, дунд температурын /500°-700°/ орчинд хуурай пиролизын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнийг хэлнэ.
Уг түлшийг энэ өвлөөс эхлэн Нисэх, Яармаг, Налайхад түлж, туршихаар болжээ. Хэдий олон нийтийн шүүмжлэлтэй тулсан ч Б.Чойжилсүрэнгийн “туршилт” НИТХ, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ. Гэхдээ зөвхөн Яармаг, Налайх, Нисэх гэсэн бүсэд арванхоёрдугаар сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд хагас кокс түлшийг туршина. Үүнд нийтдээ 32 тэрбум зарцуулах тооцоо байгааг албаныхан мэдээлсэн юм. Ингэхдээ, Нийслэлийн бондоос уг мөнгийг шийдвэрлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос бонд босгох гэрээнд гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл хэл ам дагуулсан 177.5 тэрбум төгрөгөөр хагас коксын түүхий эдийг солих “төлөвлөгөө” 32 тэрбум болтлоо буурсан байна.
ХЯТАДАД НҮҮРСЭЭС ХАГАС КОКС, ХИЙ, ДАВИРХАЙ ГАРГАН АВЧ ЦАХИЛГААН, БЕНЗИН БОЛГОДОГ
Хятадад одоогийн байдлаар хагас кокс үйлдвэрлэдэг 300 орчим үйлдвэр бий. Монгол Улс урд хөршийн туршлагыг нэвтрүүлж түлшний чанараа сайжруулахын тулд түүхий эдээ Хятадаас авна. Ингэхдээ, Эрчим хүчний тендер зарлаж, шалгарсан компаниас хагас коксын түүхий эдээ авна. Жишээ нь, Өвөрмонголдоо урдаа барьдаг химийн технологийн хагас коксын үйлдвэртэй танилцахад /Inner Mongolia blue flame technology environment/ компани нь 900 мянган тонн түүхий нүүрсийг угааж дараа нь хагас коксын үйлдвэрт оруулдаг.
Тухайлбал, 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай, 600 мянган тонны хүчин чадалтай. Хагас коксын дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд хагас коксын жижиг, дунд, том нунтаг гардаг.
Дараа нь хагас кокст гүн боловсруулалт хийсний дараа том бүхэлтэйг нь гангийн үйлдвэрт хэрэглэдэг, нунтаг хагас коксыг шахмал түлш хийх үйлдвэр буюу "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай ижил процессоор шахмал түлшээ үйлдвэрлэдэг. Харин хагас коксжуулах процессын явцад бий болсон хий буюу их хэмжээний утааг эрчих хүч, мөн давирхайг гүн боловсруулах технологи ашиглан бензин, дизелийн голлох түүхий эд, нафта болон битум зэрэг бүтээгдэхүүн болгодог байна.
Үүнээс гадна шорлогийн нүүрс хийдэг гэхчлэн хагас коксыг бүхий л талаар нь ашиглана. Хагас коксоос гаргасан хийг нь цахилгаан станцад өгснөөр эрчим хүч үйлдвэрлэдэг.
Технологийг тайлбарлавал, хүрэн нүүрсийг 750 градуст жигнэж байх явцад хий гардаг. Хийгээрээ боловсруулах үйлдвэрийнхээ хажууд цахилгаан станцад нийлүүлдэг. Хоёрдугаарт, давирхайнаас химийн бүтээгдэхүүн бензин, дизель түлш гарган авна. Том ширхэглэгт хагас коксыг гангийн үйлдвэрт нийлүүлдэг бөгөөд нунтаг хагас коксыг шахмал түлшний үйлдвэрт нийлүүлнэ. Нэг ёсондоо аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулалт аж. Сонирхуулахад, тус үйлдвэр нь 1999 оноос үүсгэн байгуулагдаж, үйлдвэрийн төслөө 2011 онд эхэлж, хагас кокс боловсруулах цогц үйлдвэрийг 2017 оноос байгуулжээ. Ердөө зургаан жилийн хугацаанд хөгжүүлэлт хийж хагас коксоос олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Уг үйлдвэр нь Бээжингийн залгаа хотуудад хагас кокс нийлүүлдэг онцлогтой.
"Inner Mongolia blue flame technology environment" компанийн үйлдвэрийн даргын ярьснаар Хятадад нүүрсийг угааж заавал хорыг нь гаргасан байх шаардлага тавьдаг. Шахмал түлш үйлдвэрлэхэд арваад төрлийн дамжлага явдаг аж. Түлшинд стандартыг нарийн зааж өгсөн бөгөөд хэрвээ чанарын шаардлага хангахгүй бол Засгийн газраас нь үйлдвэрийн үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авдаг байна. Түүнчлэн хагас кокс бүтээгдэхүүний чанарыг байнга лабораториор оруулдаг учраас “манайх” шиг угаартах эрсдэл байдаггүй гэнэ.
Үүнээс гадна Шаньси мужийн /Shenmu Energy Development/ компанийн хагас коксын үйлдвэр нь байгуулагдаад 14 жил болжээ. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хүрэн нүүрснээс хагас кокс, давирхай болон эрчим хүчний үйлдвэрлэдэг. Үйлдвэр нь тус бүр жилд 200 мянган тонн хагас кокс боловсруулах хүчин чадалтай дөрвөн зуухтай. Нийт хүчин чадал жилд 800 мянган тонн хагас кокс, 700 сая.м3 шатдаг хий, 60-80 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ.
Мөн 50МВт хүчин чадалтай хийн цахилгаан станцтай. Үйлдвэрийн үндсэн зорилтот бүтээгдэхүүн нь цахилгаан эрчим хүч, давирхай бөгөөд хагас кокс нь дайвар бүтээгдэхүүн болдог.
Үйлдвэрээс гарч буй хийг цэвэршүүлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг, давирхайг тусгай тээврээр давиархай боловсруулах химийн үйлдвэрт нийлүүлдэг. Технологийн хувьд дээрх үйлдвэртэй ижилхэн. Энэ мэтчилэн Хятадууд хагас коксын үйлдвэрийг богино хугацаанд хөгжүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулсан гол технологи гэлтэй.
ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛДОО НУТАГШУУЛБАЛ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД УТААНД САНАА ЗОВОХГҮЙ
Хагас коксын үйлдвэр барих асуудал Монголд 2008 оноос эхлэн яригдсан ч хөрөнгө оруулалт, улстөржилтөө даагаагүй “унасан”. Утааг бууруулах цогц шийдэл нь хагас коксын үйлдвэр барих. Хөх хотод 600 мянган тоннын хүчин чадалтай цогц үйлдвэр барихад 2007 оны тооцооллоор 250 сая юанийн өртгөөр барьжээ. Энэ нь ойролцоогоор 125 тэрбум байж. Одоогийн байдлаар хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэж байгааг өмнөх сурвалжлагандаа дурдсан.
Хөрөнгө оруулалт шийдэгдвэл 2025 оны дунд үеэс ашиглалтад орох аж. Хэрвээ хагас коксын үйлдвэртэй болчихвол одоо байгаа агаарын бохирдлыг хоёр дахин бууруулах тооцоо бий. Тиймээс урд хөршийн туршлагыг судалж хагас коксыг нэвтрүүлэхээс өөр шийдэл байхгүйг албаныхан хэлнэ лээ.
Ийнхүү Хятад агаарын бохирдлоосоо салсан нууцаасаа монголчуудад хуваалцлаа. Харин бид утаандаа улстөржсөөр суух уу, утаа ялах уу гэдгээ өөрсдөө л сонгох юм.
Холбоотой мэдээ