Эдийн засагч, судлаач Н.Энхбаяртай ярилцлаа.
-Баялгийн сангийн тухай хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлнэ. АН, МАН-аас ажлын хэсэг байгуулж уг хуулийн төслийг өргөн барих бэлтгэлээ базааж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад олон сан байгуулагдсан. Тэгвэл баялгийн сангийн гол концевц юу байх бол?
-Бидний хамгийн түрүүнд анхаарах асуудал бол олон санг хольж болохгүй. Улстөрчид энэ олон сангаа өөрсдөө ч ойлгохгүй байгаа учраас иргэдийг төөрөгдүүлж байна. Хүүхдийн, тэтгэврийн, ирээдүйн өв сан, хөрөнгө оруулалтын сан гэх мэт бүх төрлийн санг хольж байгаад энэ бүгд баялгийн сан гэж тайлбарлаад байдаг. Тухайлбал, 2020 оны намуудын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод өргөн барих гэж байгаа Баялгийн сангийн тодорхойлолтыг аваад үзэхээр бөүх санг холтод тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, огт өөр өөр зориулттай санг холиод Баялгийн сан гэж яриад байна.
Олон улсын жишгээс харахад огтхон ч ийм ойлголт байхгүй. Бидний магтан дуулаад байдаг Норвегийн санг аваад үзэхээр хуримтлуулаад ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийдэг. Сан дотроо олон янз.
Бидний ашигласан санг аваад үзвэл халамж тараадаг сан олон. Тухайлбал, хүүхдийн мөнгө байна. Энэ бол төсвийн нэг хэлбэр болохоос ямар нэгэн сан биш. Мөнгөө цуглуулж байгаад буцаагаад тараачихаж байгаа учраас огтхон ч сангийн үйл ажиллагаа тэнд явагддаггүй. УИХ-аас 2011 онд хуульчилсан Тогтворжуулалтын сан байна. Энэ бол сангийн нэг хэлбэр. Гэхдээ тус сан хөрөнгө оруулалтын сан биш. Ашигтмалталын түүхэн үед зэсийн үнэ өндөр байх үед тодорхой хэсгийг нь зарахгүйгээр хадгаламжийн дансанд байршуулж хадгалж байгаад түүхий эдийн үнэ унаж төсвийн алдагдал нэмэгдэх үед ашиглах сан. Энэ бол яг хуримтлуулах сан. Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай ярих байна. Үүний нэг хэлбэрийг Хөгжлийн банк дээр туршсан. Тодорхой хэмжээний хөрөнгийг төсвөөс ч юм уу, бондноос ч юм уу сан бий болгож түүгээрээ хөрөнгө оруулалт хийх гэж оролдсон. Монгол шиг жижиг зах зээлд ийм сан амжилттай ажиллаж болдоггүй юм байна. Тэр тусмаа засаглал нь сайн байхгүй бол анх байгуулагдсан концевцоос нь буруу замаар ашиглах, улстөрчид, бизнес бүлэглэлүүд бие биенээ намнадаг хэрэгсэл болж хувирлаа. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын санг зөв удирдахгүй бол бөөн хэрүүлийн алим болдог юм байна. Улстөржих нэг сэдэв болдог юм байна. Дөрөвдүгээрт, Монголд огт байгуулаагүй сан бол Баялгийн сан юм.
Ирээдүйдээ зориулж хуримтлал бий болгоод улс орныг хөгжүүлэх томоохон төслийг санхүүжүүлдэг сан юм.
-Улс орныг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гэхээр Хөрөнгө оруулалтын сантай утга агуулга нэг юм биш үү. Хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж тараасан. Үр дүн бөөн гэмт хэрэгтэнтэй болоод дуусч байна?
-Бага багаар дуслаар зарцуулдаг сан биш. Тухайлбал, сүү, зайрмагны үйлдвэр байгуулж, гудамж засдаг сан Баялгийн сан биш. Баялгийн сан бол Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах томоохон цахилгаан станц барих, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах, атомын болон усан цахилгаан станц барих, Монгол Улсыг хэрсэн төмөр замтай болох, гэх мэтээр томоохон бүтээн байгуулалт хийхэд зориулсан сан байх юм л даа.
Хамгийн гол нь тухайн санд мөнгө хуримтлагдах ёстой. Түүнээс биш дөнгөж 100 сая төгрөгтэй болмогц одоо үүнийг нь зарцуулъя гээд байж болохгүй. Яг ийм төрлийн баялгийн сан бол бусад сангийн удирдлагуудаас огт өөр асуудал. Сангийн удирдлага ба сан хуримтлуулах гэдэг бол хоёр тусдаа асуудал.
Сангийн үйл ажиллагааг үр дүнтэй, өгөөжтэй байлгаж, байгуулагдсан удирдлага чиглэлээс нь хэрхэн яаж хазайлгахгүй байх, хэн нэгэн улс төрийн томилгоотой албан тушаалтан тэнд очоод мөнгийг нь зориулалтын бусаар ашигладаггүй байхын тулд сангийн удирдлага, засаглал нь маш сайн байх ёстой. Өөрөөр хэлбэл, бидний мөнгө хураах гээд байгаа сан цоорхойгүй байх ёстой. Тухайлбал, бид айраг исгэж зарвал үнэ хүрэх юм байна гээд мөрөөдлөө. Гэтэлл тухайн айргийг сайн. Исгэхийн тулд, амт чанартай болгохын тулд хөхүүр нь бүтэн бөгөөд том, багтаамж сайтай байх ёстой. Гэтэл бид хөхүүрээ огт хийж чадахгүй байна. Маш жижиг хэрнээ, энэ тэндээ цоорхойтой байна. Монголд ямар нэгэн санд 100 сая ам.доллар хийлээ гэж бодоход эргээд 70,80 сая болоод хоргодчихоод байна. Тиймээс ирээдүйд зориулах баялгийн сан чинь аривждаг л байх ёстой.
-Харамсалтай нь бид ямар ч сан байсан аривжуулж чадахгүй юм байна гэдэг нь олон зүйлээс харагдаж байна. Арвижуулах, өсгөх, зөв захиран зарцуулах ямар гарц гаргалгаа байна вэ?
-Олон улсад энэ төрлийн санг арвижуулаад өгдөг сан, байгууллагууд бий. Тухайлбал, Дэлхийн банк байна. Манайхаар бол Сангийн яамны дэргэд байдаг Төрийн сантай ижил буюу Дэлхийн банкны Төрийн сан гэж байгууллага бий. Олон улсын төрийн сан гэх энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр улс орны төв банкинд байгаа валютын нөөцийг удирддаг. Хэрэв Монгол Улс валютын нөөцөө удирдаж чадахгүй эрсдэлтэй байдалд орвол гэрээ байгуулаад Дэлхийн банкинд алтныхаа буюу валютын нөөцөө хадгалуулдаг.
Үүнд Дэлхийн банкнаас тодорхой хэмжээний хүү бодож олгосноор ямар ч эрсдэлгүй, санаа зовох зүйлгүйгээр валютын нөөцөө аривжуулах боломжтой. Яг үүнтэй ижил улс орнуудын тодорхой сангуудыг тодорхой нөхцөлтэйгөөр 5-10 жилийн хугацаатай байгуулаад дэлхийн банкны тухайн жилийн нөхцлүүдээс хамаараад бид хүүгээ аваад л сууж байна. Энэ замаар явчихвал бидэнд засаглалын хямрал нүүрлэхгүй.
Нэгэнт бид баялгийн сангаа удирдаж чадахгүй, улс төрийн тогтолцоо гажуудсан ийм үед энэ хоёр асуудлаа тусад нь шийдэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Баялгийн сангаа байгуулахдаа энэ нь дотооддоо байгуулж болохгүй. Дотоодод байх юм бол энэ мөнгө чинь бөөн хэрүүлийн алим болж хувирна. Голланд өвчин буюу уул уурхайн засаглалыг муутгах шалтгаан болно. Хэрүүл болоод байгаа мөнгийг хилийн цаана аваачиж, өөр хүмүүсийн удирдлагад өгөөд өсгөх, аривжуулах ажлыг гэрээний дагуу өгчих хэрэгтэй.
-Найдвартай байдлыг хэрхэн хангах вэ?
-Энэ бол аль нэг улсын Засгийн газрын тухай яриагүй учраас байршуулсан мөнгөө буцаагаад хүүтэй нь авчихна. Тэр мөнгө арвижиж байх хооронд бид айрагныхаа савыг бэлдэх ёстой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Цаашлаад хүнээ бэлдэж, засаглалаа сайжруулж, улстөрчид тухайн сан руу орж хольж хутгалддаг явдлаа болиул. Төрийн аль нэг яам дангаараа дотоод ажилд нь хутгалддаг байдлыг болиул. Манайхны гайхаад магтаад байдаг Норвеги, Сингапурын сан адил чадварлаг сангаа эхлээд байгуул. Ингээд арван жилийн дараа гэхэд гадагшаа байршуулсан мөнгө нь аривжчихсан, дотоодод тухайн сан нь бүхий л талаараа бэлэн болчихсон байна.
Нэг ёсондоо Баялгийн сангийн үйл ажиллагааг 2024 онд байгууллаа гэж бодоход 2034 онд монголчууд Баялгийн сангаа жинхэнэ утгаараа ашиглах, үр дүнг нь үзэх, хүртэх боломж нээгдэнэ. Ингэж алсыг харсан бодлогоор явахгүй бол 3-4 жилийн дараа нөгөө жаахан хуримтлуулсан мөнгөө зарцуулах гээд улайраад байж болохгүй.
Улстөрчид сангийн мөнгийг дандаа ийм байдлаар харж ирсэн. Дараагийн сонгуульд бид ялчихвал энэ мөнгийг хуримтлуулж байгаад сонгуулийн өмнө үрж дуусгаад, ажил хийсэн болж харагдъя, оноо авъя гэж бодоод байна. Монголын дотоодын зах зээл маш жижиг дээр нь савлагаа ихтэй учраас үр ашигтай хөрөнгө оруулалт огт алга. Хөгжлийн банкны жишээг аваад үзвэл үр дүнтэй байгаад буцаад зээлээ төлж байгаа жишээ алга. Арай гэж төлж дуусгасан нь алдагдалтай, өртэй л байна. Тиймээс Монголд энэ мөнгө аривжихгүй. Харин аривжих зах зээл нь дэлхийн зах зээл дээр байна. Баялгийн сангийн мөнгөө аривжуулъя гэж байгаа бол чадвартай газар нь найдвартай гэрээ байгуулаад өгөх сонголт байна. Ийм байдлаар сан болоод засаглалыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Иргэдэдээ ч тэгж ойлгуулах ёстой. Баялгийн сан бол Монголд одоо ашиглаж байгаа бүх төрлийн сангаас огт өөр. Монгол Улсыг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт асар их хэмжээний мөнгө хэрэгтэй гэдэг асуудлыг бид тогтмол ярьдаг. Гэтэл төсвийн мөнгөөр энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй. Төсвийн мөнгөөр төмөр зам, атомын цахилгаан станц барьж чадахгүй. Харин чадах хэмжээний мөнгө хуримтлагдах хүртэл бид тэвчээртэй хүлээх ёстой. Хоёроос гурван чиглэлээр нэгэн зэрэг ажил хийж байж, тодорхой хугацааны дараа хөлс хүч гаргаж байж, үр дүнг нь үзэх юм байна гэдгээ ойлгох учиртай.
Харин улстөрчид үүнийг ойлгохгүйн улмаас бүх сангуудаа хооронд нь зуурч бантан болгоод Баялгийн сан гэж нэрлэх тухай ойлгоод байна. Ингээд 200-300 дахин өсөх юм шиг төсөөлөөд байна. Дэлхийд 200-300 дахин өсдөг мөнгө гэж хаана ч байхгүй.
-Бид Ирээдүйн өв санд тодорхой хэмжээний мөнгө байршуулаад 2030 он хүртэл ашиглахгүй байхаар хуульчилсан. Гэтэл хуулийг нь өөрчлөөд гар хүрчихсэн. Магадгүй энэ тохиолдол давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?
-Яг ийм учраас сан болоод удирдлагаа тусад нь байлгах нь зүйтэй гэдгийг хэлээд байгаа юм. Сав чинь цоорхой байгаа учраас засаглал нь болохгүй байна. Тухайн мөнгийг ямар нэгэн байдлаар үрэх гээд байна. Хуримтлуулахаасаа өмнө доош нь гоожуулаад алдчихаад байна. Хөгжлийн банк руу анх оруулсан мөнгөнөөс хэд нь үлдсэн байна. Тэгэхээр гадаад зах зээлд байршуулчихвал хуулийн дагуу тэнд гар дүрж чадахгүй. Тав, юм уу арван жилийн дараа л тухайн мөнгөө буцааж авах гэрээтэй. Энэ хугацаанд тэр мөнгөний төлөө хэрүүл хийх шалтгаан байхгүй. Нэг ёсондоо улс төрийг муухай харагдлуулдаг бас нэг төрлийн маргаанаас сална. Байгалийн баялгийн хараал гэдэг бол түүнийг зарцуулах тухай л хэрүүл байдаг. Африкийн улс орнуудын засаглалыг муутгаад байгаа шалтгаан энэ.
Жаахан мөнгө хуримтлагдахаар эрх мэдэл бүхий улстөрчид нь буруу захиран зарцуулдаг. Үүнээс улбаалж авлига, хээл хахууль, буруу тогтолцоо үүсч баялгийн хараал хүрдэг. Тийм учраас зарлагаасаа орлого нь давж байгаа багахан мөнгөө хилийн чанадад гаргаад хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгэхгүй бол өмнөх шийдвэрүүдийг харахад ямар нэгэн байдлаар хуримтлагдаж байсан багахан мөнгөө ашиглачихдаг.
Өнгөрсөн 20 жилийн хугацааг аваад үзвэл Монгол Улсын эдийн засаг 4-5 жилд ямар нэгэн байдлаар хямралд орж байсан. Тэгвэл ирэх таван жилд дахиад хямарна. Тогтворгүй хөгжиж байгаа орны эдийн засаг хямрах нь баталгаатай. Ялангуяа ганц хоёрхон зах зээл дээр тоглодог орны хувьд Монгол Улс ямар нэг асуудлыг дангаараа шийдэж чадахгүй. Дараагийн хямралын талаар олон улсын байгууллагууд анхааруулаад эхэлчихлээ. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл. Далайн хар шуурга, үер ус буух давтамж нь нэмэгдэхийг анхааруулж байна. Олон улсын байгууллагуудын судалгааг аваад үзэхэд дэлхийн дулаарал улам нэмэгдэж байна. Байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр Монгол Улс шиг байгаль, цаг уураас хамааралтай орнуудад учрах хохирол улам нэмэгдэнэ. Тэр дундаа 300 мянган малчин иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болж байгаа хөдөө аж ахуйн салбар хамгийн түрүүнд нэрвэгдэх эрсдэлтэй.
Эдгээр асуудлууд Монгол Улсын эдийн засгийн хүндрлийн дараагийн шалтгаан болж магадгүй учраас нөгөө Баялгийн сангийн мөнгийг хамгийн түрүүнд авч зарцуулна. Ингэж л болохгүй учраас Баялгийн сангийн мөнгийг хилийн чанадад гаргаж байршуулах хэрэгтэй.
-Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэх үеэр ямар ямар асуудалд анхаарал хандуулах нь зөв бэ?
-Хамгийн гол нь олон сангуудынхаа ялгааг ойлгох хэрэгтэй. Мөн тухайн хуулийн зорилгыг юу гэж тодорхойлсныг мэргэжлийн судлаачид болоод олон нийт анхаарах ёстой. Тухайн зорилгыг гоё үгний цуглуулга болгож болохгүй. Аривжуулна, баяжуулна, хөрөнгө оруулна гэх мэт… Энэ үгнүүд тус тусдаа утга санаатай. Хуримтлуулах гэж байгаа сан хөрөнгө оруулалт хийж болохгүй, хөрөнгө оруулалтыг монголд хийсэн бол тухайн сан чинь аривжихгүй. Тиймээс үгийн сонголт ч тун чухал. Тиймээс Баялгийн сангаа зориулалтын дагуу, холион бантан хутгахгүйгээр ирээдүйн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулах ёстой.
Бид эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах, том хөрөнгө оруулалт, эх үүсвэр хайж байгаа. Тийм учраас сангийн зориулалтаа зөв оновчтой тодорхойл. Хоёрдугаарт, засаглалын хувьд дотоодод биш гадаадад байршуул.
Тухайлбал, улсын төсвийг аваад үзвэл, оновчгүй, үр ашиггүй зарцуулалт их байдаг. Тийм учраас баялгийн сан аривжиж байх хооронд төсвийн хувиарлалт, засаглалаа сайжруулах учиртай. Улстөрчид гаднаас боловсролтой, мэргэжилтэй боловсон хүчин авч ирээд тавьчихвал болно гэж андуурдаг. Ингэж болохгүй. Банк, сангийн удирдлага гэдэгт олон түвэгтэй, цогц асуудал багтдаг.
Холбоотой мэдээ