Кремлийг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон Хятадын нийгмийн сүлжээний "Weibo" хаягуудаар "Боловсрол улс орныг аврахгүй. Бидэнтэй нэгдээрэй" гэсэн уриаг бичсэн зурагт хуудас тарж эхэлжээ. Энэ зурагт хуудсыг Харьковын их, дээд сургуулийн оюутнуудад тараасан гэв.
Энэ нь оюутнуудыг сурч боловсрохын оронд Украины армид элс гэсэн утга агуулгатай ажээ.
Харин Харьковын бүс нутгийн цэрэг татлагын төвийн хэвлэлийн ажилтан Олена Родина энэ талаар хэлэхдээ "Эдгээр ухуулах хуудас бол хуурамч. Тийм зүйл хэн ч хэвлэж тараагаагүй. Оросуудын тараасан зүйл үргэлж хуурамч байдаг. Боловсрол улс орноо аврахгүй гэдэг үзэл баримтлал бидэнд огт байхгүй. Украин хүүхдүүд сурсаар ирсэн, цаашид ч сурна" гэжээ.
Украины Батлан хамгаалах яам иргэдийг цэрэг татлагын төвд ирж, мэдээллээ баталгаажуулахыг уриалах мэдээллийн кампанит ажил явуулж байгаа нь үнэн боловч агуулгын хувьд тэс өөр юм.
"Эдгээр ухуулах хуудас нь мэдээллийн кампанит ажлын визуал болон текстийн агуулгатай тохирохгүй байна. Кампанит ажлын гол мессеж нь "Айдсаа хүлээн зөвшөөрөх нь зоригтой үйлдэл. Бидэнд зоригтой хүн хэрэгтэй" гэсэн үг байсан" гэж Олена Родина хэлэв. Мөн Украины Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй кампанит ажилд оюутнууд хамрагдахгүй аж. Мэдээлэл баталгаажуулах энэ аян наймдугаар сарын дундуур эхэлсэн. Ингэхдээ иргэдийг цэрэг татлагын төвд ирж, цэргийн мэргэжлийн талаарх мэдээллээ шинэчлэхийг уриалсан 20 секундын бичлэг гарчээ. Бичлэгээс гадна алдартай цэргийн албан хаагчид, сайн дурынхныг дүрсэлсэн баннеруудыг ашиглаж байна.
"Мэдээллээ шинэчлэх, цэрэг татлага явуулах хоёр нь хоорондоо тэс өөр зүйл" гэдгийг Украины Хуурай замын цэргийн командлалын штабын Боловсон хүчний хэлтсийн дарга, хурандаа Роман Хорбах онцоллоо. Мэдээлэл шинэчлэнэ гэдэг нь ирээдүйд иргэдэд мэдэгдэл хүргэх, дайчилгаа явуулахад хэрэг болох аж.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ