Хөндөх сэдэв: "Амьтны эрхтэй" араатнаас амиа яаж хамгаалах вэ!

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: "Амьтны эрхтэй" араатнаас амиа яаж хамгаалах вэ!

Хөндөх сэдэв: "Амьтны эрхтэй" араатнаас амиа яаж хамгаалах вэ!

Сүрэг нохойд бариулж буй эмэгтэйн зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, буруутны эрэлд "улсаараа" морджээ. Араатанд бариулж буй эмэгтэйд туслаагүй гэх шалтгаанаар хажууд нь зогсч байсан автомашины жолооч буруутгагдан шалгагдаж байна. Нэг талаар тэрхүү жолооч бусдад туслаагүй  нь буруу ч нөгөө талаар өөрийнхөө амь насыг  араатнаас хамгаалах эрхтэй.

Харин хүн барьж идэх дээрээ тулсан нохдын эзэд энэхүү хэргийн гол буруутнууд юм.  Сүүлийн үед монголчууд амьтны эрхийг хамгаалах асуудлыг багагүй хөнддөг болсон. Гэвч "амьтны эрх"-тай араатнаас амиа яаж хамгаалах вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.  Өөрөөр хэлбэл, "амьтны эрх" нэг талдаа хүний эрхийг зөрчихөд хүргэж буй юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд нохойд хазуулсан хүмүүс өдөр бүр тогтмол очдог бөгөөд өдөрт дунджаар 15-20 хүн эмнэлгийн яаралтай тусламж авдаг байна.

Энэ бол багагүй тоо. Гудамжны золбин нохдын асуудалд анхаардаггүй дүүрэг, хороодоос эхлээд эзэнтэй мөртлөө хашаанаасаа сул, чөлөөтэй гаргаад явуулдаг хүмүүсийн хариуцлагагүй байдлаас золгүйгээр хохирч эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.  Гудамжаар нохойгоо сул чөлөөтэй, хошуувчгүй салхилуулж буй иргэд цөөнгүй. Үүнээс болоод хүүхэд нохойд нь уруулж, насан туршийн труматай болж үлдэж байгааг ч хэлэхгүй өнгөрч боломгүй.

УЛААНБААТАРТ 160 МЯНГА ГАРУЙ ЗОЛБИН НОХОЙ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327 мянга 279 га талбайд 160 мянга 885 золбин нохой байгаа дүн гарчээ. Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг.

Мэдээж золбин нохдын шууд нэг дор устгах боломж эдийн засаг болоод хүний нөөцийн хувьд байхгүй ч энэ тоог багасгахын тулд үржлийг нь эхний ээлжид хязгаарлах шаардлагатай тулгарч байна.

ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ. Тэгэхээр эрсдэл бүхий нөхцөл байдал тансаг хороолол, гэр хорооллын зах суурин хэсгийг ялгалгүй байна гэж ойлгож болно. Одоо тэгвэл бид ямар зохицуулалт хийх вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд Хотын ерөнхий менежер М.Баяраа "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмээр бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Цаашлаад золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлээд байна" гэсэн юм.

Тэгвэл устгахаас өөр аргагүй нохдод хазуулсан тохиолдолд хариуцлага хүлээх эзэн байхгүй гэсэн үг. Харин хариуцах эзэнтэй ч хаагуур хамаагүй сэлгүүцэж, бусдыг айлгадаг нохдын эзэн холбогдогчдод хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Учир нь гэр хорооллын бүсэд хашаанаасаа сул чөлөөтэй гарч яваа нохдод эзэд нь хүзүүвч, хошуувчийг заавал зүүлгэх ёстой байдаг байна. Хэрэв энэ төрлийн арга хэмжээ аваагүй бол эзэн нь өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. Үүний нэг жишээ бол хоёр хоногийн өмнө /2023.09.07/ болсон үйл явдал. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум зургадугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл есдүгээр сарын 06-нд бүртгэгдсэн байна. Энэ дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Тиймээс хашаандаа нохойтой л байвал хариуцлагаа ухамсарлаж, хамаарал бүхий нохдодоо анхаарал хандуулахыг уриалж байна.

ХАМГИЙН ИХ ЗОЛБИН НОХОЙТОЙ БЗД, СХД-ЭЭС ҮРЖИЛ ХААХ МЭС АЖИЛБАРЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Дүүргүүдийг авч үзвэл, Баянголд 1415, Баянзүрх дүүрэгт 64202, Сонгинохайрхан дүүрэгт 49726, Хан-Уул дүүрэгт 32840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байгаа аж. Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна. Тиймээс тоо толгой ихтэй нохдыг цөөлөх хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм. Тус ажлын тендер сонгон шалгаруулалтыг гурван багц болгон зарлаж шалгарсан газруудтай гэрээ байгуулан ажлыг нийслэлээс эхлүүлжээ. Нэгдүгээр багц Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн 700 тэжээвэр нохойд үржил хязгаарлах мэс ажилбарыг наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэхүү ажил Чингэлтэй дүүрэгт 14 хоног, есдүгээр сарын 8-ны өдрөөс Хан-Уул дүүрэгт 14 хоногийн хугацаанд хийх юм байна.

Х️оёрдугаар багц Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, гуравдугаар б️агц Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах ажил сонгон шалгаруулалтын шатанд байгаа юм.

Батлагдсан төсвийн хүрээнд 2023 онд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 3000 орчим нохойны үржил хязгаарлах ажлыг хийнэ. Энэхүү ажлыг хийснээр нохойны хяналтгүй үржлийг бууруулах, гудамж талбайд золбирох эзэнгүй нохойны тоог 20-30 мянгаар багасгаж иргэдийн аюулгүй амьдрах, зорчих нөхцөл бүрдэх аж. Гэсэн ч хариуцлагагүй эздийг чангатгаж, хуулийн хүрээнд асуудлыг ярихгүй бол сүрэг нохдод гудамж, талбайд бариулахгүй гэх баталгаа хэнд ч байхгүйг онцлох нь зүйтэй бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж