Дулааны улирал дуусч байгаа ч нийслэлийнхний толгой өвтгөдөг улирлын чанартай нэг асуудал бол борооны ус зайлуулах шугам хоолой. Бороо орох бүрийд гудамж, талбайд үер бууж, явган зорчигч нь алхах боломжгүй болж, уртын харайлт хийхээс аргагүйд хүрдэг бол автомашинууд нь шалбааг туучдаг. Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугамыг хангалттай суурилуулаагүйгээс жилийн жилд улаанбаатарчууд усанд автдаг гэх шүүмжлэл ч өрнөдөг. Харин албаныхан нь хотжилт болоод шугам хоолойн насжилттай асуудлыг холбож тайлбарладаг.
Тэгвэл автозамын борооны ус зайлуулах байгууламжид үзлэг, судалгаа хийж, шар усны үер, гадаргуун ус нэвтрүүлэх чадварыг шинэчлэн тооцох судалгаа хийх тендер зарлажээ.
Тендерийн төсөвт өртөг нь 95 сая төгрөг бөгөөд уг сонгон шалгаруулалтыг өчигдрөөс /2023.09.07/ долоо хоногийн хугацаанд зарласан байна. Нийт 94,8 сая төсөвт өртөгтэй тус худалдан авах ажиллагааг зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам болоод Хосолмол үнэлгээний аргаар явуулах аж. Саналыг долоо хоног хүлээж авах бөгөөд уг худалдан авах ажиллагааг Зам тээврийн хөгжлийн яамнаас захиалж байгаа аж.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН 30 ХУВЬ НЬ Л УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ
Бид өнгөрсөн 4-6 сард автозамын ус зайлуулах шугам хоолойтой холбоотой хоёр удаагийн сурвалжлага мэдээллийг бэлтгэж хүргэсэн. Энэ үед тус шугам хоолойг хариуцагч нэгжийн зүгээс төсөь санхүүг нийслэлээс хангалттай тусгаж өгдөггүй бөгөөд жилд баталсан санхүүжилт нь нэн шаардлагатай засварт л зарцуулагддаг. Нийслэлийн авто замын 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай бөгөөд ихэнх нь насжилт нь хэтэрсэн гэдгийг онцолж байв.
Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханы хэлснээр "Улаанбаатарт борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Нийслэлийн авто замын ердөө 30 хувь нь ус зайлуулах шугамтай, ачаалал нь аль хэдийнэ хэтэрчихсэн. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан. Ус зайлуулах хоолой хүртээмжгүйгээс явган хүний болон авто машины замын насжилт, элэгдэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Замын чанар муудах, элэгдэх, язрах зэргээр насжилтыг богиносгодог. Мөн иргэдийн өдөр тутмын амьдралд асуудал үүсгэж байна.
Мэргэжилтнүүдийн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ зуны тухайд нэн шаардлагатай гэсэн таван хэсэгт бүтээн байгуулалтын ажил хийсэн.
Тодруулбал, Зуслангийн зам хэсэг, Алтай хотхоны урд хэсэг, Дүнжингаравын эргэлттэй хэсэг, Багшийн хөгжлийн ордны урд талын туслах зам, Яармагийн авто зам буюу хотын шинэ захиргааны байрны урд талд шинээр шугам тавьж, өргөтгөх ажлуудыг гүйцэтгэж байгаа. Цаашид төлөвлөсний дагуу 400 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж байгуулбал ус тогтох үерлэх зэрэг асуудал байхгүй болно" гэдгийг хэлж байв.
Харин одоо зарлагдаад байгаа тендерийн үр дүнд багахан хэсэгт байгаа шугам сүлжээний чадварыг л хэмжих юм. Албаныхан нь насжилт дууссан гэдгийг нь тодорхой хэлж байгаа ч салбар яамнаас албан тооцоо судалгааг хийхийг зорьсон бололтой.