Төгсрөх дөхсөн пропагандачид…

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Төгсрөх дөхсөн пропагандачид…

Төгсрөх дөхсөн пропагандачид…

Сайд, ялаа хоёрыг сониноор намнадаг гэх хэлц бий. Ганц намтай. Намын ганц “Үнэн”-тэй. “Үнэн”-д бичсэн л бол үнэн. “Үнэн”-гийн нийтлэлийн бодлогыг Улс төрийн товчоо барина. Сайдын талаар тэрхүү сонинд ”үнэнийг” бичвэл суудал байтугай, амьдрал баяртай. Ийм учраас л сонинд шүүмжлүүлэх вий гэхээс үнэн голоосоо айна. Үзэл суртлын том зэвсэг. Түүгээр шагналд тодорхойлох, шонд дүүжлэх этгээдээ зарладаг учраас пропагандадаа зориулж сонин уншлагын цагийг хүртэл нам засгаас гаргаж өгч байжээ.

”Үнэн”-гээс гадна "Тоншуул"  гэх 1935 оноос гарч эхэлсэн улс төр уран сайхны сэтгүүл бий. 20 мянган хувь хэвлэгдэж байсан энэ сэтгүүлд 1990-ээд оны эхээр 135 мянган хувь хэвлэгдэж дээд амжилтаа тогтоожээ.

Энэхүү сэтгүүлийн “Матрын булан”-д гарвал бас л байя аа, багшаа болно. Ажлаасаа халагдана, өөр ажил хийж, амьдрах ч аргагүй болтол нь одоогийнхоор бол “bully” хийнэ. Нийгмээрээ жигшинэ, зэвүүцнэ. Пропагандаг жинхэнэ утгаар нь үзүүлэх шиг болно. Хүний оршихуй руу хүртэл халдах нь энүүхэнд.

Шарласан, баларсан хуудсыг нь шүүрдэж суухад “Банзал Цэцэгээ ажилд оржээ” гэх гарчигтай мэдээ ч байж байх шиг. Эр, эм байтугай эрүү, толгой хоёр салдаг хорвоод нөхрөөсөө салсан бүсгүй хоолоо олж идэхээр ажил хийж ч болохгүй аж. Очоод “гөвшөөд өг”, “алаад аль” гэсэн шиг Улсын их дэлгүүрийн номын тасагт ажиллаж буйг нь хүртэл заачихсан байх нь аймшигтай. Хэнээтэй коммунистуудад хөнөөх байршлыг нь зааж өгөөд ч байгаа юм шиг.

Өдгөө харин сошиалаар сайдыг “сугалдаг” болов. МАН-ын луугарууд сонинд элдвээр гарахаас айдаг байсан бол сошиал “нүдүүлэхээс” нүгэлтэй айна.  Нөгөө талдаа нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийн тулд энэ ажлыг хамгийн сайн хийдэг нь тэд өөрсдөө.

Эдийн засгийн талаар тун чиг маруухан ойлголттой бидэнд энгийнээс энгийн жишээ гаргаж байгаад мунхруулна. Түүгээрээ өрсөлдөгчөө шүүхээс түрүүлж яллаад, шавартай хутгаж орхино. Өнөөдөр хүртэл салсан, сарниснаар  нь яллаж, жигшүүлж тэд чадаж байна. Бидний татварын мөнгөнөөс хулгай хийж олон эхнэрийнхээ орон сууцанд зарцуулсан бол байх хэрэг, баатар эр болгодог бол өөрийнхөө мөнгөөр биеэ үнэлэгч авсан бол бузар, адгийн шаар болгоно. Угтаа бол эхнийх нь буруудаж, сүүлийнх нь цагаадах ёстой  баймаар. Учир нь хоёр дахь этгээд биднийг хохируулаагүйн дээр харин ч ажлын байрыг хадгалж үлдсэн "гавъяатан" баймаар. Биеэ үнэлэгч бол пүү паа л гэнэ. Тэд улстөрчид шиг татварын мөнгөөр тансаглаж, улсаа өрөнд оруулдаггүй, цүнх баригчид шиг төрөөс шимэгчилдэггүй. Харин ч тэднээс ч илүү валют олж ирсэн байх вий. Үүнийг ухаараагүй  бидэнд өөрсдөөс нь ч илүүг хийх улстөрч эмэгтэйг үнэн худлаас үл хамаараад "янхан" гэх ганц үгээр л улс төрийн давцангаас унагана. Үүнийг ойгохгүй бол хүчирхийлэгчийн гарт хүнд хэцүү амьдралтай хүүхдийн өмнөөс биш даргаа өрөвддөг, тал засч гүйдэг, засаг солигдоход квот ярьж намаас үл хамаарч нэгдэн мэдэгдэл хийдэг эсвэл сэм энгэрээ нээгээд эрх мэдэлд хүрдэг эмэгтэйчүүд л улстөрд оршсоор байх нь баталгаатай. Өмнөх нийгмийн пропаганда өнөөдөр ч хүчтэй оршсоор л байна. Өвөө, эмээгээ хэлж байгаагаа ч мэдэхгүй 90 хувь тэмбүүтэй байсныг чухам оросууд салгаж өгсөн гэж сайд хүртэл итгэдэг бол өвөөг нь, эмээг нь, тэр ч бүү хэл жирэмсэн эмэгтэйг хүртэл орхилгүй яргалан алсан алуурчдыг "ахаа" гэж шүтэн элэг нэгтнээ хөнөөх нь холгүй солиотнууд хүчтэй байгаа нь түүний нотолгоо.

Долоон жилийн тэртэй гол руу чинь горхины ус шиг орсон нэгэн жишээ. “1 доллар 17 боодол төгрөгтэй тэнцэж байна” гэж байгаад гарч ирсэн. Өнөөдөр 34 боодолтой тэнцэж байна. Гол харлаж байвч хэн ч дуугардаггүй ээ. Учир нь МАН-аас өөр нам байсан бол үүнээс ч талийх байсан гэх үргэлжилсэн цохилтоо нэргүй, зүсгүй хувалзуудаараа нийгэм даяар нь балбуулчихсан болохоор тэр.

“Эхийн хэвлийд бойжиж буй хүүхэд хүртэл төрөхдөө өртэй төрлөө” л гэсэн. Өнөөдрийн хүүхдүүд өмнөхөөсөө ч 2-3 дахин их өртэй төрдөг болов. Бас л байх ёстой зүйл болов. "Үнэндээ АН ялсан бол үүнээс ч долоон дор байх байсан" гэх өгөгдөлтэй чипийг улсаа барьцаалсан мөнгөтэйгөө хамт тараачихсан хойно аргагүй.

“Бондоор ирээдүйгээ худалдчихлаа” л гэсэн. Бондын өрийг бонд гаргаж төлөөд улам бүр өсгөөд л байна. Одоо “Сүхбаатар”, “Данзан”, “Чойбалсан”, “Цэдэнбал” нэртэй бонд гарах л дутуу байна. Хөгийн нь, "АН-ын тавьсан өрийг МАН дараад байна" гэх хачин бодол олонход нь одоо ч бий. Аль аль нь өрөнд оруулсан байхад алагчлан АН-ыг үзэн ядуулаад МАН-ыг магтаад буйн шалтгаан бас л нөгөөх технологийн ач. Өөрт нь ногдож буй өрийн хэмжээ өсөөд байхад л өмөөрөхөөр тархийг нь гашилгаснаас тэр. Өрцийг нь зүсэх гээд өөд нь харуулахад "Тэнгэр харуулах нь" гэж баярладаг хонь лугаа.

“Эрдэнэтийг ардчиллынхан амин хувьдаа завшчихлаа” гэж байгаад ялсан. Ялмагцаа буцаагаад төрийн мэдэлд авсан. МАН буун буутлаа энэ үйлдвэрийг зайдагнана. Бид орлогоос нь бүгдээрээ цахилгааны мөнгөө төлүүлчихсэн учраас амаа үдүүлсэн. Гээд асуудал дуусаагүй. Цахилгааны хувьд бид хараат хэвээрээ. Хэвээрээ байгааг нь хамгийн сайд мэдэх сайд нь айлгаж байгаад урдаас угаасан нүүрс авахаас өөр аргагүй гэж донгиодуу догма гаргаастай. Уг нь  "Эрдэнэс Тавантолгой"-гоос олборлолт нь хоёр дахин бага, борлуулалтын орлого нь 2, 3 дахин их  "Энержи Ресурс" гээд Монголын компани бий. Тэд нүүсийг угаагаад гаргадаг болохоор бага нийлүүлж, ихийг олдог. Тэдний угааж Хятадад зарсан нүүрсийг бид буцаан худалдаж авах тухай арай өөрөөр яриад сууж байна.

Эрдэнэтийг төрд буцаан авсан шалтгаан нь түмнээ бодсондоо бус түүнд шахаа хийх гэсэндээ хийсэн уйларсан үйлдэл гэдгийг өөрсдөө ухаж, ойлгоогүй цагт орой руу чинь ортол тэд худал ойлголт өгсөөр л байх болно. Малч хүмүүс болохоор мал биш шүү дээ, бид. Тэнд эрх мэдэлтнүүд өөртөө өндөр ашигтайгаар шахаа хийж, дарга нар нь дийлдэхгүй хангамжтай болсон.

Энэ үйлдвэрийн ачаар дураараа тахилуулсныхаа төлөө хэдэн дарга Зайсанд хаустай, үнэтэй жийптэй, тэрбумаар тооцогдох хадгаламжтай, охиноо, хүүгээ, хүргэнээ гадаадад сургаж, гайхуулж явааг бид тоолоод барахгүй. Учир нам харгалзахгүй тоносон нь ч үнэн. МАН харин илүү тоносон нь мэдээжийн асуудал.

Ерөнхий сайд нь, ер нь бүгдээрээ “30 жилийн алдааг засах гэж зүдэрч байна” гэдэг болсон. Үнэндээ хэлсэн тооныхоо 2/3-т нь өөрсдөө бантагнуулсан. Өнгөрсөн 30 жилд төрийг өөрсдийн баяжих хэрэгсэл болгосон УИХ, Засгийн газрыг нэрлэх гэхээр намынхаа лидерүүдээр зогсохгүй лойдоруудаа хэлэх учраас, ард түмэн ардчилал гэдгийг Ардчилсан нам гэдэгтэй агаар нэг төсөөлдөг учраас тэд бий болсноос хойш ийм замхрал гарсан гэж толгой эргүүлж яваа. Үнэний ортой ч үнэн зөвийн дэнс дээр тавьбал өөрсдөө жин дарах нь гарцаагүйг ч мэдэж байгаа. Тиймээс төөрөгдүүлэн талцуулахаар цаадуул чинь мэднэ.

ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн банк, мухар төмөр зам, 60 тэрбумын схем, газрын наймаа, нүүрсний хулгай гээд гайтай бүхнийг эрх баригчид хийсэн. Бүр тодруулбал МАН. Нүүрсний хулгай гээд л исгэрээд байсан. Одоо юу болов. Бүгдээрээ замхарсан. Энэ бүхнийг цуурдаг нь монголын сайн сайхны төлөө ч хол хэвтэнэ. Нэг нь нөгөөгөө намнах, албан тушаалд нь суух гэсэн аминчхан үзэлдээ л хөтлөгдөхийн тулд тэр.

Авлигатай тэмцэнэ гэдэг. Чадахгүй нь үнэн. Чадаагүй байж баахан золиосны нэр гаргаад хэрэг нээсэн болгоод шүүхэд шилжүүлнэ. Шүүх хэрэгсэхгүй болгоно. Тэр үед нь бид тэмцсэн ч шүүх авлигачдыг суллачихлаа гэх пропагандагаа цацах бөгөөд түүнд нь итгэх нь олон. Авлигатай жинхэнэ утгаараа тэмцвэл МАН үнсэн товрог болно. Тиймээс алиа, балай хүн шиг айдаст автуулж, мангас, мафи ярьсан шигээ мангартуулахаа мэднэ.

Өдрөөс өдөрт тэдний пропаганда төгсөрч байгаа. Уржигдар гэхэд л Д.Амарбаясгалан нь мөрийн хөтөлбөрийнх нь 80 хувь нь биелэчихсэн явааг дуулгаж, сошиалаар нэг уянгын хайлсан сэтгэгдэл урссан. Өөрчилчөөгүй бол уг мөрийн хөтөлбөрт нь эрчим хүч, шатахууны хувьд гадны хамаарлаас гарч өрөөлд зардаггүй юм гэхэд өөрсдийгөө хангаад  сургууль, цэцэрлэгийн хоцрогдлыг арилгахгүй гэхэд хүртэлцээг 100 хувь болгож, эрүүл мэндийг дэлхийн жишигт хүргэхгүй гэхэд дундаж түвшинд, түгжрэлийг 50 бууруулж, утаагүй Улаанбаатар болчихсон, цалин тэтгэврийг нэмэхгүй гэхэд худалдан авах чадвар нь хэвэндээ байх байлаа.

Магадгүй магадгүй. Мөрийн хөтөлбөр нь 80 хувь биелэсэн байж болно. Тэднийхээр биелсэнд тооцоод үзье. Мөрийн хөтөлбөрийнх нь 80 хувь биелэхэд ийм байгаа юм чинь 100 хувь биелэсэн ч гавихгүй нь ээ. МАН-ын мөрийн хөтөлбөр 80 хувь биелэхэд эдийн засаг нь донсолгоонтой, аж ахуйн нэгжүүд хэзээ мөдгүй хаалгаа барихад бэлэн, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр, Улаанбаатар нь утаатай, эрүүл мэнд, боловсролын салбар нь элгээрээ хэвтчихсэн, хавдараар дэлхийд тэргүүлсэн, худалдан авах чадвар улам бүр унасан үзүүлэлттэй байна. Ийм байхад,

Алив хүүхээ чи цааш нь дамжуул
Бүх юм хэвийн бүтэж байна, болж байна
Бичээрэй, бичээрэй
Битгий давар гэж бичээрэй гэх пропагандагаа тэд хийсээр. Сошиалд эрх баригчдын бодлогогүйг шүүмжилсэн Амаржин гэх залууг хэрхэн троллуудаараа дайруулж байгааг харахад л энэ бүхэн ойлгогдохоор. Өмнө далдуур дарамталдаг байсан бол өдгөө өөрийн бодолгүй, мөнгө л өгч байвал хэнийг ч нулимж, тасдахад бэлэн адгийн шаарнуудыг гаргаж ирдэг болов. Үзэл санаа, бодлогоор биш өнгөрсөн амьдрал, хувь хүний нууц руу хүртэл эрээ цээргүй халдаж байна.

Бидэнд ч асуудал бий. Өөрт нь хэрэгтэй, улс орны амин чухал асуудлаас илүү жижигхэн асуудалд ач холбогдол өгч түүнд л анхаарлаа хандуулдаг, өөр хоорондоо арсалдахаас өөрийг чадахгүй. Тиймээс нэг сенсааци гаргаад нөгөөгөөр нь дарж, араар нь амжуулдаг болоод уджээ.

2020 оны сонгуулийн өмнө тэд өөрсдөд хамгийн ихээр гай тарьж мэдэх хэвлэл мэдээллийг салбарыг сошиал ертөнцөд “худалдагдсан”, “улстөрчдийн гар хөл” гэж сэвж нөлөөгүй болгоод, нэр хүндтэй, олон дагагчтай, агуулга биш хэлбэр хөөсөн хэдэн нөхдийг нь нийлүүлж суулгаж байгаад шившиглэсэн.

Харин 2024 оны сонгуулиар нөлөө бүхий, олон дагагчтай залуусыг тэд овоо хараандаа онилов. Өөрсдийг нь дэмжвэл ухаалаг, чадвартай, шүүмжилж, сөргөөцөлдвөл гадны гар хөл, эрийг нь шар сэмжилсэн, эмийг нь завхай болгох ажлыг троллуудаараа сэвүүлнэ. Хуучны хэнээтэй төрсөн коммунистуудаас ялгаатай нь тэдэнд зарчим ч байхгүй. Гэр бүл, ойр дотныхнын сүйрүүлэхдээ ч сийхгүй.

…Дагаад намирах уу, дотроо бодох уу гэдэг таны сонголт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж