Украины зүүн хэсгийн Донецк мужийн Костиантянивка хот өчигдөр /2023.09.06/ Оросын пуужингийн цохилтод өртөж, дор хаяж 17 хүн нас барав. Энэ нь сүүлийн хэдэн сард болоогүй хамгийн ноцтой халдлага байлаа. Мөн 32 хүн бэртэж гэмтсэнийг албаныхан мэдээлээд байна. Костиантянивка нь фронттой ойр бөгөөд цэргийн албан хааагчид байнга холхилдож байдаг. Бичлэгээс харахад пуужингийн цохилтын өмнөхөн худалдааны гудамжинд олон хүн байжээ.
"Орос цэргүүд бол өршөөж боломгүй террористууд юм. Бүх зүйлийн хариуг шударгаар өгөх болно" гэж Украины ерөнхий сайд Денис Шмихал хэллээ. Ерөнхийлөгч Зеленский энэ халдлагыг туйлын хүнлэг бус гэж тодорхойлсон. "Хэрвээ хэн нэгэн Оростой хамтарч байгаа бол бодит байдлыг нүдээ аниад өнгөрөөж байна гэсэн үг. Чөтгөр шиг ичгүүр сонжуургүй. Увайгүй бузар муухай. Туйлын хүнлэг бус үйлдэл" гэж тэр "Х" платформд бичжээ.
Оросын пуужингийн цохилт тотмол болж байгаа ч энэ удаагийнх шиг олон хүн нас барах нь ховор байв. Дөрөвдүгээр сард төв хэсгийн Уман хот цохилтод өртөхөд 23 хүн, нэгдүгээр сард Днипро цохилтод өртөхөд 40 хүн тус тус нас барсан.
Костиантянивкагийн халдлага АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевт газардсаны дараахан болжээ. Тэрбээр Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд гурав дахиа айлчилж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ