"ДБЭТ-ыг чадвартай уран бүтээлчид залгамжилж байгаад баяртай байна"

"ДБЭТ-ыг чадвартай уран бүтээлчид залгамжилж байгаад баяртай байна"

"ДБЭТ-ыг чадвартай уран бүтээлчид залгамжилж байгаад баяртай байна"

УДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойн арга хэмжээгээ “Сонгодог Жаран” гала концертоор эхлэнэ. Театрын уран бүтээлчдийн төлөөлөл /2023.09.07/ түүхэн ойн арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ.


Ахмад уран бүтээлчдийн зүгээс залуу уран бүтээлчдэдээ итгэж, дараагийн 60 жилийн түүхийг амжилттай бүтээнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. "Эндээс цааш 61 дэх улирлын шинэ түүхийг залуу хойч үеийнхэн маань бүтээнэ. Ямарваа нэгэн зүйл цаг хугацаатай. Одоо залуусын цаг үе ирсэн. Надад маш том баяр бахдал төрж байна. Олон улсад мэргэжил эзэмшээд ирсэн найруулагч, удирдаач, балетмейстер зэрэг мэдлэг, чадвартай уран бүтээлчид залгамжилж байгаад баяртай байна" гэдгийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ яриандаа онцолсон юм.

Театрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа:

-Монголын сонгодог урлагийн өргөө болсон УДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойтойгоо золгож байна. Анх 1963 оны тавдугаар сарын 10-нд Улсын Хөгжимт драмын театраас Улсын дуурь, бүжгийн театр өрх тусгаарлан, өндөр үүдээ нээсэн түүхтэй. УДБЭТ 1963 оны тавдугаар сарын 15-нд П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар хөшгөө нээж бие даасан театрынхаа нээлтийг хийж, 60 жилийн түүхээ бичих замналаа нээсэн юм. Театр маань өнгөрсөн 60 жилийн хугацаанд 120 гаруй дэлхийн томоохон сонгодог бүтээлийг тайзнаа тоглосон байна. Театрынхаа тайзнаа өөрийнхөө залуу нас, авьяас билгийг зориулсан ахмад үеийнхэн болон дунд, залуу үеийнхэн нэгдэж, жаран жилийн түүхийг бичилцэж байна.

Бид бүхэн нэгэн жарны түүхийг агуулсан "Сонгодог жаран" хүндэтгэлийн тоглолтууд, түүхэн баримтат кино, сэтгүүл зэрэг томоохон арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Мөн ойн арга хэмжээгээ "Сонгодог жаран" гала концертоор эхлүүлэх гэж байна. Гала тоглолт есдүгээр сарын 9-нд 20.00 цагт Сүхбаатарын нэрэмжит талбайд нээлттэй болох юм. Энэ тоглолтоороо театрын сор болсон томоохон уран бүтээлүүдийн дээжисээс үзэгчдэдээ нээлттэйгээр сонордуулах болно. Тоглолтод театрын дунд болон залуу үеийн уран бүтээлчид оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

"БИ ГОЦЛОЛ ДУУЧДЫН ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ДУУЧИН"

Ардын жүжигчин, дуучин А.Долгор:

-Театрынхаа уран бүтээлчдэд түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний хувьд 1984 оноос хойш театртаа 28 жил ажилласан. Ингээд бодохоор 60 жилийн талыг нь хуваалцсан байна. Би гоцлол дуучдын гурав дахь үеийн дуучин. Театр маань хүнд цаг үед ч үүд хаалгаа хааж байгаагүй.

Үе үеийн нэрт уран бүтээлчдийг өлгийдөн авч, овоглосон ягаан театраараа үргэлж бахархаж явдаг. Монголын маань маш сайхан театрын нэг.

Уран бүтээлч миний хувьд маш их баяртай байна. Одоо театр маань шинэ залуу мэргэжлийн уран бүтээлчдээр цусаа сэлбэж, эрч хүчтэйгээр ажиллаж байна. Цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

"МИНИЙ АЖИЛ, АМЬДРАЛ ДБЭТ-ТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ"

Ардын жүжигчин А.Дашпэлжээ:

-Би Болгарт их сургуулиа төгсч, 1982 онд театртаа ажилласан хүн. Тэгээд ягаан театртаа гоцлол дуучнаар дөрвөн жил, захирлаар дөрөв, уран сайхны удирдаачаар таван жил ажилласан. Тийм учраас миний ажил, амьдрал ДБЭТ-тай салшгүй холбоотой. Би үеийн үед ажиллаж байгаа уран бүтээлчид, ажилтангууд болон 60 жил биднийг халуун алга ташилтаар угтсан үзэгч түмэндээ ойн баярын мэнд дэвшүүлье. Монголчууд цаг хугацааг жаранаар тоолдог ард түмэн. Нэг жаран дуусч, дараагийн жарныг эхлүүлдэг. Энэ театр маань нэг жарныг туулжээ.

Уран бүтээлийн тухай 120 гаруй сонгодгуудыг нэг бүрчлэн ярих боломжгүй. Онцолбол, нэгдүгээрт 1963 онд анх алдарт П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар хөшгөө нээсэн нь дэлхийн сонгодог урлагийн театруудын түүхэнд ихээхэн онцлог үйл явдал.

Мөн миний санаж байгаагаар 1981 онд ДБЭТ маань олон улсын дуурь, бүжгийн академик театр болж батламжилсан. Энэ бол театрын зиндааг тодорхойлох цол хэргэм. Бас 1990-ээд оны эхээр Л.Эрдэнэбулган найруулагчийн санаачлагаар Ж.Пуччинийн дууриудаар олон улсын дуурийн наадам зохион байгуулж байсан удаатай. Тухайн үед ОХУ, Болгар, БНСУ, Хятад зэрэг олон улсаас дуучин, удирдаачид оролцож байлаа. Энэ наадам бол 60 жилийн түүхэнд тэмдэглүүштэй наадам гэдгийг онцолсон юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 66.181.183.102

Дуурийн театр зуны 3 сар амарчихна. Сэрүүний улиралд эрт харанхуй болдог тул тоглолтоо эртхэн өдрийн цагаар хийдэг болох, мөн зун ажилладаг байвал сайнсан.

Avatar

зочин 2023-09-07 66.181.191.16

Алтан үеийн дуучдын нэг болох дуурийн хатан хаан гэгддэг Загдсүрэн гуай өнөөдрийг хүрсэнсэн бол
ямар сайхан дурсамжийг хүүрнэх байсан бол. Гайхамшигтай дуучин байж билээ. Дуу нь одоо ч чихэнд хадаатай байдаг.
Тайзны харизмыг энэ дуучнаас л хардаг байсан даа.

Avatar

Нэргүй 2023-09-07 202.21.126.30

АЖ Дашпэлжээ, АЖ Долгор нар бол үнэхээр мундаг улсууд даа

Avatar

Зочин 2023-09-07 66.181.191.94

ДБЭТ-ын хамт олонд 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.Мөн ч олон алдартангууд төрүүлсэн театр юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж