Чикагогийн 40 дэх удаагийн олон улсын хүүхдийн кино наадамд Монголын уран бүтээлчдийн "Бүжигчин" богино хэмжээний кино оролцохоор шалгарчээ. Энэ кино наадмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-19-ний хооронд зохион байгуулах бөгөөд Оскарын шагналд өрсөлдөх эрх буюу академид киногоо илгээх боломжийг олгодог олон улсын томоохон кино наадмуудын нэг.
"Бүжигчин" кино нь Монголын Урлагийн зөвлөлийн "Бид Чадна-Бид Авьяастай" кино урлагаар дамжуулан тэгш оролцоог хангах зорилготой урлагийн боловсролын төсөл бөгөөд Австралийн "Bus Stop Films"-тэй хамтран бүтээжээ.
Мөн монгол кино анх удаа 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаар дэлхийд нээлтээ хийнэ. Монгол найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи" уран сайхны киног
2023 оны долдугаар сарын 25-ны өдөр 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын "Оризонти" уралдаант хэсэгт сонгож буйг захирал Алберто Барбера дэлхий нийтэд зарласан. Нэр хүндтэй энэ наадамд анх удаа монгол найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагналын төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал байв.