"Вагнер"-ын төлөөх өрсөлдөөн

"Вагнер"-ын төлөөх өрсөлдөөн

"Вагнер"-ын төлөөх өрсөлдөөн

Евгений Пригожин нас барсан тул Кремлийн дэргэдэх аюулгүй байдлын бүлэглэлүүд Украин болон Африк дахь "Вагнер"-ын хүчнийхнийг хяналтдаа авахаар хөдөлж эхлэв. ОХУ-ын Аюулгүй байдлын алба болон Кремльтэй ойр байдаг олигархиудтай холбоотой хөлсний бүлэглэлүүд "Вагнер"-ын цэргүүдийг өөртөө татахаар хичээж байна. Пригожиний цэргүүдийг Украины дайнаас арвин туршлага хуримтлуулахын зэрэгцээ Африкийн зарим хэсэгт нөлөөгөө бэхжүүлж чадсан гэж тэд үздэг.

Бүлгийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн сард Москвагаас Санкт-Петербург хүрэх замдаа онгоцтой осолдсон. АНУ-ын тагнуулын албаныхан үүнийг төлөвлөгөөт аллага гэж үзэж буй. Пригожин зургадугаар сард Оросын Батлан хамгаалах яамыг эсэргүүцэн бослого гаргасан нь Путины засаглалын хугацаанд тулгарсан хамгийн том сорилт байв.

Өдгөө нэгэнт Пригожин үгүй болсон тул Кремль түүний үнэ цэнтэй хөрөнгө болох цэргүүдийг, тэр дундаа Украинд үүрэг гүйцэтгэж байсан, шалгарсан цэргүүдийг өөртөө нэгтгэхээр хөдөлжээ.

Тэрбээр Ойрхи Дорнод, Африкийн 10 гаруй оронд 6000 орчим цэргийг удирддаг байсан. Тэдгээр нь ихэвчлэн тухайн бүс нутагтаа улс төрийн удирдагчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажилладаг байв.

Кремльтэй холбоотой хэд хэдэн хувийн цэргийн бүлэглэл сүүлийн саруудад Украин руу цэргээ илгээсэн. Энэ нь Путинд таалагдах тэдний арга юм. ОХУ-ын тагнуулын ажилтнуудын үүсгэн байгуулсан, Путины ойрын олигархиудын санхүүжүүлсэн, төрийн мэдлийн компаниудын хяналтад байдаг гэх мэт хувийн цэргийн цөөнгүй бүлэглэл бий.

Тэдний нэг болох "Редут" бүлэглэл "Вагнер"-ын цэргүүдийг хэдийнэ элсүүлээд эхэлжээ. Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулдаг Оросын компаниудын аюулгүй байдлыг хангаж ажилладаг "Редут" бүлэглэлийг 2008 онд Оросын цэргийн тагнуулын офицерууд байгуулсан. Тус бүлэг одоо ч Оросын цэргийн тагнуултай холбоотой байгаа гэж үзсэний үндсэн дээр АНУ энэ оны хоёрдугаар сард хориг арга хэмжээ авчээ. "Редут"-ийг Путины ойрын олигархи Геннадий Тимченко санхүүжүүлдэг гэх мэдээлэл бий. Тэд Ойрхи Дорнод дахь Оросын армиас зэвсэг хүлээж авдаг гэж эх сурвалж хэлжээ. 

Зургадугаар сард болсон үймээний дараа "Вагнер"-ын зарим ахлах командлагч "Редут"-д элссэн тохиолдол ч гарсан. "Редут"-ийн элсэлтийг "Вагнер"-ын хуучин офицер удирдаж байгаа гэж нэгэн эх сурвалж хэлсэн байна.

"Редут" бүлэглэл өдгөө Африк руу явах хүсэлтэй "Вагнер"-ын дайчдын эрэлд гарчээ. "Вагнер бол өнгөрсөн цаг. Хэрвээ та Африкт ажиллахыг үнэхээр сонирхож байгаа бол Батлан хамгаалах яам болон Редут бүлэглэлийг сонгоорой" гэж наймдугаар сарын 15-ны өдөр ВКонтакте цахим хуудсанд мэдээлсэн.

Түүнчлэн Оросын зарим хувийн цэргийн бүлэг Африк дахь "Вагнер"-ын орон зайг нөхөхийг оролдож байна. 

Батлан ​​хамгаалах яам болон Кремльтэй холбоотой өөр нэг хөлсний бүлэглэл бол "Конвой". Тус бүлэглэл нь "Вагнер"-ын дайчдыг гадаад дахь үйл ажиллагаандаа татан оролцуулахаар хөөцөлдөж байна. Пригожиний зарим цэрэг хэдийнэ "Конвой"-д нэгдсэн ч тэднийг хулгайгаар агнахыг оролдоогүй гэжээ.

Тус бүлгийг "Вагнер"-ын Африк дахь ажиллагааг удирдаж байсан Константин Пикалов удирддаг. Тэр "Вагнер"-т командлагчаар ажиллаж байгаад хожим нь Пригожинтой зам салсан. Европын холбоо өнгөрсөн хоёрдугаар сард Пикаловт хориг арга хэмжээ авчээ. Пригожинийг нас барахын өмнөхөн Пикалов "Конвой бүлэг Африкийн найман оронд үйл ажиллагаагаа явуулна" гэж хэлсэн ч нэрийг нь дурдаагүй. Тэрбээр саяхан Батлан хамгаалах яамны ажилтнуудын хамтаар Ливи, Мали, Төв Африкийн бүгд найрамдах улс руу айлчлалаар явсан. Эдгээр улсад "Вагнер"-ын хүчин байрладаг. 

ОХУ-ын Батлан хамгаалах яам ч ялгаагүй "Вагнер"-ын дайчдыг эгнээндээ элсүүлэхийн тулд бүхий л боломжоо ашиглаж байгааг Москвад төвтэй Стратеги, технологийн шинжилгээний төвийн захирал Руслан Пухов хэлэв. Украины зүүн нутаг дахь "Вагнер"-ын байрлал, баазуудыг Оросын цэргийн ангиуд эзлэн авчээ. Украинд тулалдаж байсан "Вагнер"-ын цэргүүд Батлан хамгаалах яамтай гэрээлэх эсэхээ мэдэхгүй эргэлзсэн байдалтай байгаа ажээ.

Эх сурвалж: WALL STREET JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-07 59.153.114.84

Нас барах биш амиа алдсан гээ

Avatar

Нэргүй 2023-09-07 103.212.116.201

Оросын а******н бүлгүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж