Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОЁ!

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОЁ!

Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцохыг ХОРИГЛОЁ!

Дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнийг зохицуулж эхлээд 10 хонож буй. Энэ хугацаанд түгжрэл 30-38 хувиар буурсан болохыг албаныхан мэдээлсэн. Есдүгээр сарын 15-наас дугаарын тэгш, сондгой зохицуулалт дуусч хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Улмаар арваннэгдүгээр сард зөвхөн цахим гэрчилгээтэй буюу RFID технологийн системтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах юм. Мөн цахим гэрчилгээгүй машинаас гадна торгуультай тээврийн хэрэгслүүдийг ирэх арваннэгдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдсэн.

RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, цахим гэрчилгээ буюу RFID технологийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал зэрэг тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсч буй юм.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛИЙН ТОРГУУЛЬ ТӨЛӨЛТ ЭРС БУУРЧЭЭ

Жолооч нар дүрмээ баримтлаагүй, дүрэм зөрчсөн торгуулийн дийлэнх нь төлөгдөхгүй, жолооч нар торгуулиа төлөөгүй ч замын хөдөлгөөнд хэвийн оролцдог юм байна. Тоон мэдээллээс харахад,  2015 онд гэхэд зөрчил нь 240 666 удаагийн зөрчил гаргасан бөгөөд үүнээс 195 535 нь л торгуулиа төлсөн байна.

2015 онд 240 666 зөрчил гарч байсан бол өнөөдөр 462 820 буюу хоёр дахин нэмэгдсэн нь торгуулиа төлөх нь илүү их буурчээ. Тодруулбал, 2023 оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл 462 820 бүртгэгдсэнээс 114 621 нь л торгуулиа төлжээ. Үлдсэн нь торгуулиа төлөхгүйгээр замын хөдөлгөөнд хэвийн оролцож байгаа гэсэн үг.

Тайлбар: Сүүлийн 9 жилийн замын хөдөлгөөний зөрчлийн тоо, торгуулийн дүн

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригийн өнгөрсөн сард өгсөн мэдээллээр 2022 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 103 тэрбум гаруй төгрөгийн торгуультай тээврийн хэрэгслүүд зорчиж байна гэх тоон мэдээлэл байгааг хэлсэн.

Тэгвэл RFID системийг нэвтрүүлснээр торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог болохоос гадна татвараа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болно гэсэн үг. Мөн жолооч нар машинаа хэдийд оношлуулах, төлбөр тооцоогоо цахимаар төлөх, аль зам засвартай байгаа, түр хаасан зэрэг мэдээлэл авах боломжтой. Түгжрэлийг бууруулах оновчтой арга нь хариуцлагагүй жолоочдыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх.

Олон жил зөрчил гаргаж, санаатайгаар торгуулиа төлөхгүй хуримтлуулдаг жолооч нарын тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд хязгаарлах нь оновчтой зохицуулалт гэдгийг иргэд ч хэлж байгаа юм.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс 162 мянган тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан байдаг. Гэвч одоог хүртэл торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд саадгүй зорчдог. Ямартай ч ирэх арваннэгдүгээр сараас тухайн автомашинуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах нь. Нэг талаар түгжрэлд, нөгөө талаар нийслэлийнхэнд энэ нь хамгийн оновчтой арга зам.

Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам"-ын 4.2-д Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна гэж заасан байна. Гэвч энэ хэрэгжилт төдийлөн хэрэгжээд байдаггүй. Иргэд машинаа нэр шилжүүлэх, бусдад худалдах тохиолдолд л торгуулийг төлж, эсвэл хасч үнийн дүнг тооцдог. Түүнээс их хугацаанд хуримтлагдсан торгуулийг аль болох төлөхгүй байх хүсэлтэй гэхэд хилсдэхгүй. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнийг зохицуулах биш торгууль, төлбөрөө төлсөн эсэхээр хязгаарлалт тогтоох нь зөв шийдэл гэдгийг ч судлаачид хэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж