Хятадын эрх баригчид зохимжгүй хувцаслалттай холбоотой хууль батлахаар хэлэлцэж байна. Хятадын ард түмний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх хувцас өмссөн, зохимжгүй үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд торгууль ногдуулах, цаашилбал шоронд ч хориж мэдэх шинэ хуулийн төслийг Байнгын хороо нийтэлжээ. Хууль зөрчигчийг 15 хүртэл хоног баривчлах юм уу 5000 хүртэлх юаниар торгоно. Гэхдээ яг ямар хувцаслалт, ямар үг хэллэгийг зохимжгүй гэж үзэхээ нарийн тайлбарлаагүй байна. Ямартай ч уг хууль нь энэ онд хэрэгжүүлэх нэн тэргүүний зорилтод багтжээ.
Хятадын дарга Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаасаа хойш олон зүйлд цензур тавьсан талаар уг хуулийн төсөлд онцолсон байна.
Сужоу хотын цагдаа нар өнгөрсөн жил олон нийтийн газар кимоно өмссөн эмэгтэйг саатуулсан удаатай. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн үйл ажиллагаанаас болж Хятад, Япон хоёр улс удаан хугацаанд маргаантай байгаатай энэ нь холбоотой. Гэтэл Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далайд асгах шийдвэр саяхан гарсан учир хоёр улсын харилцаа улам хурцадсан.
Мөн Цинхуа их сургуульд болсон концертын үеэр солонготой цамц өмссөн оюутнуудад зэмлэл хүртжээ. Тэдгээр оюутан нь их сургуулийн хотхонд ЛГБТК-ыг дэмжсэн утга агуулгатай туг тарааж байсан.
"Weibo" сүлжээнд зарим хүн шинэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. "Хятад хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхийг эрх баригчид яаж мэдэх юм бэ? Хятад хүний оюун санаа хүчтэй, тэсвэр хатуужилтай байх ёстой бус уу? Хувцаснаас болж тийм амархан сэтгэл зүй гэмтэх юм уу?" гэж нэгэн хэрэглэгч бичжээ. Мөн энэ хууль нь тодорхойгүй байдлыг бий болгож, хүмүүсийг дур мэдэн шийтгэх үндэслэл болно гэж үзэгсэд ч байна.
Эх сурвалж: BLOOMBERG