Сурвалжлага: Нураасан Байгалийн түүхийн музейг барьж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нураасан Байгалийн түүхийн музейг барьж эхэлнэ

Сурвалжлага: Нураасан Байгалийн түүхийн музейг барьж эхэлнэ

Байгалийн түүхийн музейн суурин дээр “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгыг барих хүчин чадалтай компани шалгараагүй байсан юм.

Тэгвэл шинэ музейн барилга угсралтыг гүйцэтгэх компаниар "Содон номин" ХХК шалгарч, ажилдаа орсон байна. Удахгүй есдүгээр сарын дундуур шав тавих ёслол болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох гэнэ.

Зураг төслийг нь 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан хэлж байв.
"СОДОН НОМИН" ХХК ӨМНӨ НЬ 3 УДАА ТЕНДЕРТ ОРОЛЦОЖ, ШАЛГАРААГҮЙ

"Содон номин" ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд үүсэн байгуулагч нь Болдбаярын Баттулга ажилладаг байна. Тус компани барилгын засвар, засал чимэглэлээс гадна газар тариалан, автомашин худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Өнгөрсөн хугацаанд 34 тендерт оролцсоны дотор Байгалийн түүхийн музейн барилгыг гүйцэтгэх тендерт 2023 оны дөрөв, тав, долдугаар сард гурван удаа оролцож, шалгарч чадаагүй хасагдсан байна.

Одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

МУЗЕЙ БАРИХ ТӨСӨВ 138 ТЭРБУМ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ

Музейн цогцолборын тендер таван удаа буцаж, бүтээн байгуулалтын ажил гурван жил “гацсан” байдаг. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 94.4 тэрбум төгрөг байсан ч 120 тэрбум төгрөгөөр төсөвлөж, баталж байв. Сүүлд энэ төсөв 138 тэрбум болж нэмэгджээ. Ирэх 2024 онд Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс Монголд Азидаа шилдэгт орох музейг ашиглалт оруулах мөрөөдөл байгаа юм.

Шинэ Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтойг тус музейн захирал асан Н.Зоригтбаатар онцолж байсан удаатай.

Тэрбээр “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг 13 мянга орчим үзмэртэй. Шинэ цогцолбор барьж дуусахад үзмэрүүд нь бэлэн. Хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай бөгөөд цэвэр үзмэрийн талбай нь 40 мянган м/кв хүчин чадалтай” гэдгийг хэлж байв.

            БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ РҮҮ ШИЛЖСЭН

Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн. Үндсэндээ 2019 оны наймдугаар сарын 1-нээс Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейнхэн сан хөмрөг, ажилтнуудтайгаа нүүсэн.

Тус музейн захирал Н.Зоригтбаатар гавьяаныхаа амралтыг авч, түүний оронд Монголын үндэсний музейн хэлтсийн дарга И.Будбаяр томилогдон ажиллаж байна.

Тэрбээр өмнө нь “Хуучнаар Лениний музейн байр анх 1980 онд ашиглалтад орсон музейн зориулалттай цөөн байрын нэг. Барилгын хувьд олон жил зориулалтын бусаар ашиглаж байсан учраас энэ байраа өөд нь татах шаардлагатай байгаа. Засгийн газрын тогтоолд шинэ музейн байр ашиглалтад орох хүртэл музейн сан хөмрөгийг олон нийтэд үзүүлж, үйлчлэх нөхцөл боломжийг хангаж ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Музей цар тахлын үед төдийлөн сайн үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тиймээс бид энэ жил их хүлээлттэй байгаа. Бид 2022 оны дөрөвдүгээр сарын 12-нд Соёлын яамаар Байгалийн түүхийн музейн шинэ үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөгөө батлуулсан. Энэ дагуу үзүүлэг дэглэлтээ хийж байна. Одоогоор музейн байрны 40 хувийг л ашиглаж байгаа.

Одоогоор нийт үзмэрийн 6.5 хувийг хүмүүст үзүүлж байгаа бол цаашид нэмж 39 хувь болгоно. Мөн үзмэрээ он цагийн дарааллаар дэглэж, музейн зай талбайгаа бүрэн ашиглалтад оруулна.

Одоогоор хүсэлтээ өгчихсөн, мөнгө төгрөгөө шийдүүлсэн юм алга. Хэрвээ музейн барилгыг бүрэн засварлавал ойролцоогоор гурван тэрбум төгрөг болох байх. Бид зөвхөн үзүүлэг дэглэлтэд шаардлагатай 539 сая төгрөгийн санхүүжилт хүссэн ч төсвийн тодотгол хийж, 280 саяар хүсэлтээ гаргасан” гэдгийг хэлж байв.

Музейн өмнөх захирал Н.Зоригтбаатар “Монголчууд ийм том хэмжээний соёлын бүтээн байгуулалт хийж байгаагүй учраас Солонгос Япон, Хятадын оролцоо байвал илүү чанартай болох болов уу гэж бодож байна” гэдгийг хэлж байсан. Харин одоогийн захирал И.Будбаярын хувьд "Музейн барилгыг дотоодын компани барих бүрэн боломжтой. Музейн тусгай зориулалттай хэсэгт гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

Хуучин Байгалийн түүхийн музейг нураахад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Музейн барилгыг сэргээн засварлах нь битгий хэл энэ хэвээрээ  дахиад 100 жил болсон ч яах ч үгүй барилгыг буулгасан. Барилгад музей ч үйл ажиллагаа явуулж болохоор байсан. Ер нь модон бүтэцтэй барилга 150 жилдээ нурахгүй. Ялангуяа хуурай сэрүүн уур амьсгалтай Монгол орны цаг агаарын нөхцөлд мод ялзарч, муудах нь харьцангуй бага.

Хэрвээ бид Байгалийн түүхийн  музейн барилгыг нурах аюултай гэж байгаа бол тэрнээс өмнө 1940 онд барьсан Нэгдүгээр сургуулийн барилга, 1905 онд баригдсан тоосгон барилга өнөөдөр нураагүй л байж байна. Энэ бол улс төрийн шийдвэр байсан нь тодорхой" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж