Зеленскийн нууц хөзөр

Хуучирсан мэдээ: 2023.09.07-нд нийтлэгдсэн

Зеленскийн нууц хөзөр

Зеленскийн нууц хөзөр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан ​​хамгаалахын сайдад Рустем Умеровыг нэр дэвшүүллээ. Тэрбээр оросуудтай хоригдлуудын солилцоо, үр тарианы экспортын талаар хэлэлцээ хийдгээрээ алдартай юм. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа түүнийг танилцуулж байна.


Умеров одоогийн Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резниковын албан тушаалыг авна гэж Зеленский өнгөрсөн Ням гаригт мэдэгдсэн. Умеровыг Батлан ​​хамгаалахын сайдаар томилох асуудлыг парламентаар хэлэлцэн батлах ёстой. Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг оросуудын эхлүүлсэн дайны 550 гаруй хоногт Резников Батлан хамгаалахын сайдаар ажилласан. Гэвч  "Яаманд цэрэг, нийгэмтэй харилцах шинэ арга барил, бусад формат хэрэгтэй гэж би үзэж байна. Одоо Рустем Умеров яамыг удирдана" гэж Зеленский онцолсон байна.

Эх орноо хамгаалахын төлөөх дайнд ОХУ-ын эсрэг сөрөг довтолгоог эхлүүлсэн чухал үед Батлан хамгаалахын сайдыг солихоос өөр аргагүй байдал Украинд үүссэн юм. Учир нь Украины Батлан ​​хамгаалах яам сүүлийн хэдэн сарын турш авлигын хэргээс үүдэн донсолж, олны хэл амны бай болсон. Мөрдөн байцаалтын явцад өнгөрсөн сард өргөн хүрээтэй авлигын хэрэг илэрсэн тул Зеленский Украины армийн цэрэг татлагын бүх дарга нарыг ажлаас нь халсан. "Kyiv Independent" сонинд мэдээлснээр, Батлан ​​хамгаалах яамыг хүнсний хангамж болон өвлийн хүрэмийг өндөр үнээр худалдаж авсан гэж буруутгажээ. Хариуд нь Резников  өвлийн хүрэмтэй холбоотой авлигын хэрэг нь үнэн бол огцрох өргөдлөө өгнө гэж мэдэгдэж байв.

Европ дахь АНУ-ын цэргийн ангийг  удирдаж байсан дэслэгч генерал асан Бен Ходжес хэлэхдээ, "Сайд Резников бусад үндэстнээс дэмжлэг авахад маш үр дүнтэй байсан. Харин Умеровын хувьд  сөрөг довтолгоог амжилттай үргэлжлүүлж, ирээдүйн аюулгүй байдлын шаардлагыг хангахын тулд яамны удирдлагад илүү их анхаарал хандуулах хэрэгтэй болно" гэж "Insider" сайтад ярьжээ.

ОРОСТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭНД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Умеров нь Украины үндэстний цөөнх болох Крымын татараас гаралтай. Тэрбээр 2019 онд улс төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж, хөрөнгө оруулагч хийж байсан. Дайн эхэлснээс хойш Умеров оросуудтай хийсэн хэд хэдэн хэлэлцээнд гол үүргийг гүйцэтгэжээ.

Гэхдээ өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард оросуудтай хийсэн энхийн хэлэлцээний үеэр түүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн нь олны анхаарлыг татжээ. Тодруулбал,  Умеров болон хамтран ажиллагсад хоёр талын энхийн хэлэлцээнд оролцсоныхоо дараа нүд, арьс нь үрэвсэж, нүд нь хатгуулж  өвдсөн бөгөөд маргааш нь шинж тэмдэг арилсан" гэж "Bellingcat" эрэн сурвалжлах мэдээлсэн.

Үүний дараа 2022 оны есдүгээр сард Украин, ОХУ-ын хооронд болсон хоригдлуудыг солилцох хэлэлцээнд мөн оролцсон. Хэлэлцээ амжилттай болсон нь Умеровын Турк, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг исламын шашинтан улсуудтай ойр дотно харилцаатай байсантай холбоотой. Турк, Саудын Арабын тусламжтайгаар байгуулсан хоригдол солилцох хэлэлцээрийн ачаар Украины олон зуун хоригдол /голдуу дайны олзлогдогсод/ эх орондоо эргэн ирсэн.

Мөн  өнгөрсөн жил Украины үр тарианы экспортыг сэргээхийн тулд оросуудтай хэлэлцэхэд Туркийн талтай тогтоосон харилцаа холбоо нь үр ашгаа өгчээ. Украины үр тариаг Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан олон улсад гаргах хэлэлцээрээс ОХУ гарснаас хойш гэрээг дахин сэргээхээр Туркийн талтай дахин хамтарч ажиллаж байна.

Умеров 2022 оны есдүгээр сард  төрийн өмчийг хувьчлах ажлыг зохион байгуулдаг Украины Төрийн өмчийн сангийн даргаар томилогдсон Ройтерс мэдээлсэн. Тус сан нь мөн л авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй.

Атлантын зөвлөлийн Евразийн төвийн захирлын туслах Эндрю Д’Аниери хэлэхдээ, "Умеровыг томилсон нь Зеленский Батлан ​​хамгаалах яаманд хүчтэй, тууштай менежер хэрэгтэйг мэдэж байгааг харуулж байна. Умеров Төрийн өмчийн санд шинэчлэл хийх томоохон алхмуудыг хийсэн. Тиймээс Батлан хамгаалах яамыг ч мөн ижил түвшинд байлгах болно гэж найдаж байна" гэж тодорхойлжээ.

"Умеровын томилгоо нь Украин хэзээ ч Крымыг эргүүлэн авахгүй гэж үзэж буй хүмүүст хариулт өгсөн "бэлэгдлийн шинж чанартай". Умеров  2020 оноос хойш Крымийн платформ дипломат санаачилгыг хамтран даргалж байгаа бөгөөд түүний гол зорилго нь хойгийг эзэлж, украинчуудыг тайван замаар буцаах явдал юм" гэж Украины парламентын гишүүн Кира Рудик хэлсэн байна.

АД ҮЗЭГДСЭН ТАТАР ҮНДЭСТЭН

Умеров 1982 оны дөрөвдүгээр сарын 19-нд Крымын хойгийн Алушта хотноо исламын шашинт татар гэр бүлд төржээ. Эцэг нь инженер, эх нь химийн инженер байв. Умеровын гэр бүлийг 1944 онд Зөвлөлтийн засгийн газар Крымийн татаруудын хамт эх орноосоо Узбекистан  руу албадан гаргажээ. Нутгаасаа 50 жил цөлөгдсөн татаруудыг 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед буцаан авчирч эхэлсний дараа Умеровын гэр бүл эх орондоо буцаж ирсэн байна.

Умеров ахлах сургуульд байхдаа АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлдэг Ирээдүйн удирдагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан. Суралцагч солилцооны хүрээнд тэрбээр америк гэр бүлд амьдарч, нэг хичээлийн жил АНУ-ын сургуульд суралцжээ.  Тэрбээр Украины Үндэсний удирдлагын академид эдийн засгийн бакалавр, санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан байна.

Умеров 2013 онд  дүү Аслантай хамт "ASTEM" хөрөнгө оруулалтын компани болон ижил нэртэй санг үүсгэн байгуулжээ. "ASTEM" нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, дэд бүтцийн салбарт голчлон  хөрөнгө оруулалт хийдэг байв. Тус сан нь Стэнфордын их сургуулийн Украины шинээр хөгжиж буй удирдагчдын хөтөлбөрийг санхүүжүүлжээ.

Харин 2019 оноос хойш Холос намаас Украины Ардын депутатад сонгогдон ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2022 оны есдүгээр сард Дээд Рада түүнийг Украины Төрийн өмчийн сангийн даргаар томилсон. Тэрбээр  Араб, исламын шашинт улсуудтай харилцах асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөх зөвлөлийн комиссараар ажилласан. Мөн Европын зөвлөлийн Парламентын ассамблейн байнгын төлөөлөгчийн газрын орлогч дарга,Крым татар ардын хорооны төлөөлөгч юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж