Цаг уурын өөрчлөлтөөс болж Кени улсад усны түвшин эрс нэмэгдсэн. Тус улсын хамгийн том цэнгэг устай нуур бол Баринго нуур. Баринго нуурын усны түвшин нэмэгдсэнээр суурьшлын бүсэд хирс, матар зэрэг зэрлэг амьтан үзэгдэх болжээ.
Баринго нуурын орчимд байсан айлын байшингууд, сургууль, эмнэлэг, авто зам, албан байгууллага бүгд усанд автсан. Зарим хэсэгт ийм байшин барилга байсан гэж хэлэхийн аргагүй болжээ. Тиймээс иргэд нь өөр газарт шилжин суурьших болсон. Гэвч амьжиргаагаа залгуулахын тулд загасчлах шаардлагатай тул иргэд нууранд тогтмол эргэж ирдэг. Байгаль орчны мэргэжилтнүүдийн хэлснээр нуурын усны түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ.
Нуур томрохын хэрээр матрын тоо толгой нэмэгдэж, хирс айлын хашаагаар эргэлдэх болов. Ингэснээр хүмүүсийн амь нас эрсдэлд оржээ. Матарт хөл гараа идүүлж, тахир дутуу болсон хүмүүс цөөнгүй байна. Зургаан хүүхдийн ээж Винни Кебен л гэхэд нуураас ус авах гэж яваад матрын дайралтад өртөж, зүүн хөлөө тасдуулжээ.
"Маш олон зүйл аажмаар өөрчлөгдөж байна. Эрт дээр үед үер болдоггүй байв. Бид борооны улирлыг урьдчилан таамаглаж, газар тариалангаа эрхэлдэг байсан. Өнөө үед бороо орлоо л бол сүйрэл авчирч байна. Устай ойр явбал халдлагад өртөж магадгүй гэж айж байна. Нуур томорсоор байгаа тул дахиад асуудал үүсэх вий. Засгийн газар уур амьсгалын хямралд хариу арга хэмжээ авахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэж тэр хэлжээ.
Зэрлэг амьтны дайралтаас гадна хумхаа, холер зэрэг өвчин усаар дамжин халдварлах эрсдэлтэйг ч нэхэмжлэлдээ дурдсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ