Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Х.НЯМБААТАР:
-"Шувуу" ажиллагааг би ахалж байгаа. Хүмүүсийг гадаадын орнуудаас авчрах ажлууд үргэлжилж байна. Бид өөрсдөө очоод шууд тэр хүмүүсийг авчрах эрхгүй. Т.Сүхболд энэ ажиллагааг ахалдаг байсан ч ЦЕГ-ын даргаар томилогдсон учир орны хүнийг нь ойрын хугацаанд томилно. Би ирэх сард Хятадад ажиллана. Тус улсаас Монгол Улсын олон иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд хүлээлгэн өгөх болсон. Анх удаа, нэг дор олон ялтан шилжүүлэн авах гэж байна. Тэд дандаа авлигын гэмт хэрэгтнүүд биш.
УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал дүгнэлтийг өнөөдөр мөн гаргасан байгаа. Шүүхийн тухай хуулийг хоёр жил мөрдөж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ хуулиар хуульчилж, гишүүдийг нь ил тод бүрдүүлдэг тогтолцоо бүрүүлсэн. Мөн Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгон байгуулсан. Хууль зөрчсөн бол шүүгчийг ажлаас халах нөхцөл бүрдсэн.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг бэлтгээд байна. Шүүхийн тухай хуультай уялдуулан энэ баримт бичгийг боловсрууллаа. Намрын чуулганаар УИХ-д өргөн барина. Олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу бичсэн. Мөн шүү эрх мэдлийн салбарт цахим хөгжлийн ололтыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарсан.
Олон төрлийн биш, нэг баримт бичигтэй болно. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн бэлтгэх, хүний нөөцийг яаж бүрдүүлэх гэх мэт өргөн агуулгатай.
Мөн намрын чуулганаар Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүн таслах үйл ажиллагаан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоонд суурилан шүүх үйлчилгээ үзүүлдэг. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломжийг хангана. Хэрэг маргааны дагнасан шүүхийн тогтолцоог хадгална, халахгүй. Бид 30-аад жилийн турш социалист шүүхтэй байв. Маргааны төрлөөс хамаарч шүүхийн процесс хялбар болно. ШШГЕГ-ын бүтцийг мөн өөрчилнө. Намрын чуулганаар шүүх эрх мэдлийг ихээхэн өөрчлөх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөх шаардлага бий.
Нүүрсний хэргийн сонсголд хянан шалгагч, шинжээч томилно. Уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Маргааш түр хороо хуралдана.
УИХ-ын зарим гишүүн гадаад томилолттой байна. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргана. Арав эсвэл арваннэгдүгээр сард сонсгол болох болов уу.
Холбоотой мэдээ