Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг энэ сарын 4-нд Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд буцаажээ.
Учир нь ИЗНН-аас тухайн асуудлаар өнгөрсөн зургадугаар сарын 13-нд өргөдөл гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 26 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм байна. Гэтэл тус нам нь уг тогтоолд заасан зөрчлийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.
Мөн хуралдаанаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын цахим хаяг, байршил бүртгүүлэх тухай өргөдлийг “эрх бүхий этгээд гаргаагүй” гэх үндэслэлээр буцаасан байна.
Сануулахад, өнгөрсөн зургадугаар сард ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, удирдлагаа мөн шинээр сонгосон юм.
Холбоотой мэдээ