Москвагаас баруун хойд зүгт орших Тверь мужид орших Путины гэрийн ойролцоо Украины нисгэгчгүй онгоц унажээ. Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр тус дроныг агаарын довтолгооноос хамгаалах системээр унагаасан гэв.
Путины байшин Тверь муж дахь Завидово тосгонд байдаг. Нисгэгчгүй онгоц унах үед Путин байшиндаа байгаагүй бөгөөд өөр хүний амь эрсдээгүй гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдлээ.
"Энэ бол Оросын ерөнхийлөгчийн ордон руу цохилт өгөх гэсэн хоёр дахь оролдлого. Эхнийх нь 2023 оны тавдугаар сарын 3-нд Кремлийн халдлага. Завидово дахь байшин нь Путины мэдэлд байдаг албан ёсны нууц орднуудын нэг" гэж Зөвлөлтийн цэргийн тактикч, улстөрч, шинжээч Виктор Алкснис хэлжээ. Энэ харшид Оросын үе үеийн эрх баригчид цуглаж, найр наадам, аг агнуур хийдэг гэдгээрээ алдартай. Тухайлбал, ЗХУ-ын үед Кремлийн удирдагч Нитика Хрущев гадаадын нэр хүндтэй хүмүүсийг энэ харшид урьж байсан. Кубын дарангуйлагч Фидель Кастро, Югославын Иосип Тито нар Завидово дахь ордонд очсон зураг нь байдаг. Харин Путины хувьд 2013 онд Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович зэрэг удирдагчийг энд хүлээн авч байв.
Москвагийн Одинцовский дүүрэг дэх Ново-Огарёово тосгонд мөн Путины нэг байшин байдаг. Энэ байшингаас 10 км хүрэхгүй зайд "Pantsir-S1" агаарын довтолгооноос хамгаалах системийг байршуулжээ. Тодруулбал, агаарын довтолгооноос хамгаалах системийг Зарече тосгоны ойролцоо байрлуулсан байна. Хашаагаар хүрээлж, бетонон хавтангаар хучсан шинэ бүтээн байгуулалтыг энэ сарын 3-ны өдөр "Россия" сувгаар үзүүлсэн.
Дашрамд дурдахад, Украин дахь дайн эхэлснээс хойш Оросын бүс нутгуудад 500 гаруй удаа аливаа халдлага гарсныг Кремлийн эрх баригчид мэдээллээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH, UKRAINIAN WORLD CONGRESS