Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдын хязгаараас хоёр мессеж илгээжээ. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар, нөгөө нь МАН-ын даргын хувиар хэлсэн байна.
Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа тэрбээр дуулгахын сацуу эрх баригч нам ирэх 2024 оны сонгуулийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж, мөн бусад намуудыг ч уриалжээ.
Хаврын чуулганаар УИХ-аас Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал гурван хуульд реформ хийсний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Парламентын гишүүдийн тоог 126 болгож, үүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгохоор эцэг хуульд өөрчлөлт оруулснаарнэг гишүүнд оногдох эрх мэдлийн төвлөрөл саарна гэж тооцсон.
Хоёрт, Сонгуулийн тухай хуулийн дагуу пропориональ системээр сонгууль явуулснаар нэг намын үнэмлэхүй эрх мэдэл буурч, парламентад олон намын төлөөлөл орж ирнэ гэсэн хүлээлт бий. Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд улс төрийн намуудад болон УИХ-д нийгмийн бүлгүүдийн оролцоо сайжирна гэж найдаж байгаа. Эдгээр гурван реформын гол зорилго нь эцсийн бүлэгт төрд бугшсан авлигатай тэмцэх, ардчиллыг хамгаалахад чиглэгдсэн юм.
Үгэн дотор үг гэвэл Л.Оюун-Эрдэнийн Ховдоос илгээсэн хоёр дахь мессэж өнгөцхөн сонсоход бусад намуудад хандсан уриалга мэт боловч далд утгаараа цагаан байрны журмын нөхдөдөө хандсан үг юм. Үндсэндээ, жагсаалтын эхний тавд лавтайяа Төрийн ордонд суугаа өнөөгийн улстөрчдөөс багтаахгүй гэсэн санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлж байна.
1.
Парламентын гишүүдийн тоо 126. Зовлонтой нь өөрийгөө ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж бат итгэчихсэн эсвэл намын жагсаалтад найдвартай бичигдэнэ гэж тооцож яваа горилогч нам, намд хар мянгаар бий. Намуудын дарга нар “алтан загас” бишээс хойно бүгдийнх нь гишүүн болох хүслийг биелүүлэх боломжгүй. Тиймээс хэн нэгнийг нэр дэвшүүлэх болон зайлуулахад хэлэх шалтгаан тэдэнд хэрэгтэй. Тэр тусмаа жагсаалтад багтахын тулд намуудын дунд, нам дотроо хөнжлөө жийлцэнэ. Нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь нулимстай үлдэнэ. Зарим нь намынхаа хаалгыг савж, зарим нь намдаа хайр зарлана. Аравдугаар сарын 1-нд намрын чуулган нээлттэй хийхтэй зэрэгцээд ирэх оны сонгуулийг субботник болон сурталчилгаа албан бусаар эхлэх биз.
Сонгуулийн нэр дэвшигчдээ МАН Бага хурлаасаа тодруулж, намын үүрүүд рүүгээ үүрэг чиглэл өгдөг. АН-ынхан намын үүрүүдээсээ тодруулж, Үндэсний бодлогын хороо нь батламжилдаг.
Өмнө нь, 2012 оны сонгуулиар улс төрийн намууд намынхаа нэг, хоёрдугаар хүнээсээ эхлээд улс төрд удаан явсан, намдаа их хэмжээний хандив өгсөн “стратегийн ач холбогдолтой улстөрчид”-өө эрэмбэлж байсан. Жишээ нь, АН-ын жагсаалтад Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, МАН-ын жагсаалтад Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин,Д.Лүндээдорж, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл нар эхний 10-т бичигдэж байв.
Тэгвэл ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ ч, Л.Гантөмөр ч жагсаалтын нэрээ бичүүлэхгүй, “тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” болохыг үлгэрлэнэ л гэж байна. Гэхдээ цаг дээрээ хэрхэхийг өнөөдөр тааж хэлэхэд хэцүү.
Л.Гантөмөрийн зүгээс жагсаалтад намын удирдлагуудыг багтаахгүй байх, Л.Оюун-Эрдэнийн хувьд жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаах тактикаа дэлгэлээ. АН, МАН-ын жагсаалтын эхний 10 дотор бичигдэнэ гэдэг ногоон гэрлээр УИХ-ын гишүүн боллоо гэсэн үг. Тиймээс л жагсаалтын эхний арвын эрэмбийн үнэ тэнгэрт тулах нь тодорхой.
2.
Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн субботник нь нүүрсний хулгай. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд Х.Нямбаатар ч нүүрсний сонсгол хийж, хүний, өөрийн дайснуудаа илчлэх биз. Ингэхээс ч аргагүй, авлигч, луйварчдаасаа салахгүй бол улс чинь уруудан доройтлоо шүү гэж Ромын Пап хүртэл тэндээс энд ирээд сануулчихлаа шүү дээ.
2020 онд ЖДҮ, жаран тэрбумаар шалтаг хийн У.Хүрэлсүх нам дахь хүний өөрийн дайснуудаа замаасаа зайлуулсан. Энэ жишгийг ч Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж яваа. Аль нам ч алх барьж чадахгүй бол хадаас болно гэсэн үг. Нүүрсний хулгайн хэрэгт МАН-аас ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж явсан олон хүн нэр холбогдсон. Тэд дээлээ нөмрөөд явдаггүй юм аа гэхнээ сонгуульд нэр дэвших эрхгүй болж үлдэнэ. МАН-ын шинэ дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй.
Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалттай. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбож АТГ-аас шууд нэр цохсон МАН-ын 10 гишүүн ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болж байна. Дээр нь яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат хоёрын улс төрийн карьер ерөнхийдөө цэг тавигдах нь ойлгомжтой болсон.
Тэгвэл МАН-ын дарга жагсаалтад аль болох “ах нар”-аа багтаахгүй шахах тактик барьж байгаагаа Ховдоос дуулгасан нь энэ. Тэрбээр өмнө нь ч “энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд эрс шинэчлэлт” хийхээ зарлаж байсан. Жагсаалтад нэр муутай хүмүүсийг оруулсан нам шууд ялагдааыг анхааруулж ч байв. Түүний анхааруулга чухамдаа журмын нөхдөдөө хаягласан үг болох нь мэдээж.
Харин Ардын намрын даргын үг АН, ХҮН хоёрыг хөлдөө чирэх магадлалтай.Түүний уриалгыг хүлээж авах эсэх нь улс төрийн намуудын дотоод асуудал. Гэсэн хэдий ч АН, ХҮН болон бусад улс төрийн намууд жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтаахгүй бол аль ч өнцгөөс харсан “хасах оноо” авчирна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ эрт тооцсон болоод ийм ам мэх хийж байгаа энэ биз. Тамга атгасан хүн тоглоомын дүрмийг тогтоодог гэдэг дээ.
Холбоотой мэдээ