Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон түүхт 60 жилийн ойн арга хэмжээгээ “Сонгодог Жаран” гала концертоор эхэлнэ. УДБЭТ нь 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар хөшгөө нээснээс хойш эдүгээ жаран жилтэйгээ золгож байна. Анх Улсын Хөгжимт Драмын Театраас 1963 онд Дуурь Бүжгийн Улсын Театр болж өрх тусгаарласнаар одоогийн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр байгуулагдсан түүхтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь 1963 оноос хойш 60 жилийн турш өнөөдрийг хүртэл дэлхийн томоохон театруудын тайзнаа тоглогддог олон арван сонгодог бүтээл болон үндэсний бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож урын сангаа баяжуулсаар ирсэн.
Уран бүтээлчид ойн хүрээндээ нэгэн жарны түүхийг өгүүлсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
”Сонгодог Жаран” гала концертоо 2023 оны есдүгээр сарын 9-ний 20.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм. Эрхэм үзэгчид та бүхнийг жаран жилийн түүхтэй УДБЭТ-ын хамт олонтой нэгэн оройг хамт өнгөрүүлэхийг урьж байна. Ийнхүү 60 жилийн түүхтэй сонгодог театрын ойн арга хэмжээ эхлэж байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ныг хүртэл та бүхэнтэйгээ олон сайхан арга хэмжээгээр уулзах болно. Сонгодог урлагийг дэмжин хамтран ажилладаг, үнэнч хамтрагч, хэрэглэгчиддээ ДБЭТ-ийн хамт олны нэрийн өмнөөс 60-н жилийн ойн баярын мэнд хүргэе.