Д.Эрдэнэбилэг саалийн үнээ юу, тарган гахай юу?

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг саалийн үнээ юу, тарган гахай юу?

Д.Эрдэнэбилэг саалийн үнээ юу, тарган гахай юу?

Анх 2016 онд Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкийг мафийн систем гэж тодорхойлсноос хойш найм орчим жил өнгөрөв. Хуулийнхан хулгай луйврыг шийдвэрлэчих хангалттай хугацаа өнгөрөөв. Ц.Нямдорж сайдын хэлснээр бол тэр үеийн “ХХБ” гэх мафи яг л өнөөгийн хэнтийнхэн шиг байжээ гэлтэй. Учир нь, тухайн үед шүүх, прокурор, цагдаагаас эхлээд төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл Монголыг бүхэлд нь захирдаг гэх гурван үсэгтэй мафийн толгойлогчоор Д.Эрдэнэбилэгийг  Хуулийн сайд асан Ц.Нямдорж тодруулж байлаа. Тэгвэл өнөөгийн Монголыг хэн захирч, хэн мафийн толгойг гартаа атгачихаад байгаа вэ. Тэр хүн Д.Эрдэнэбилэгийг саалийн үнээ юу, эсвэл тарган гахай байх эсэхийг шийднэ.

2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох дээсэн дөрөөн дээр байхад, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн бөөрөнхийлсөн нь түүнийг Ерөнхий сайдын суудалтай нь үлдээсэн гэлцдэг.

Хүн нь байгаад хүсвэл яллах зүйл анги нь олдоно, эс хүсвээс цагаатгах зүйл анги ч хуульд бий гэдэг. Хууль зүйн сайдаар дөрөв дэх удаагаа томилогдоод байсан Ц.Нямдорж “49 хувийн хулгай” гэх улс төрийн сэдэвтэй болсныг үргэлжлүүлэн “Худалдаа хөгжлийн банкны мафи” гэх схемийг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа залгамжилсан. Улмаар 2019 онд нь “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноор зэс, молибдений баялагт МАН-ынхан эзэн суусан юм. Энэ хугацаанд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирч, Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн монгол” уриа дэвшүүлэн ялалт байгуулав. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлыг авмагцаа “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны анд гэгддэг Г.Ёндонг томилсон. Харин сайд Ц.Нямдорж УИХ-ын сонгуулиар Орхон аймагт очиж өрсөлдөн ялагдал хүлээсэн зэрэг үйл явдлууд өнгөрсөн хугацаанд болж өнгөрчээ.

2021 онд Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсноор “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан” гэх хэрэг дахин сэдрэв. АТГ тэргүүтэй хуулийн байгууллагууд үе үе "спорт загасчлалаар" ээлжит үзүүлэх тоглолтоо толилуулж, төрийн томчуудад улс төрийн оноо цуглуулна.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй захирлуудыг спорт загасчлал маягаар байсхийгээд л хорьдог, сулладаг болов. Хамгийн сүүлд шүүхээс гадаадад байгаа хүнийг барьж хорих шийдвэр гаргав. Тэд үнэхээр хууль зөрчсөн эсэхийг шүүх ч тогтоогоогүй. Харин улстөрчдийн зүгээс мафи, схем гэх хэллэгийг Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэтийн зэс молибден, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент-шохойн үйлдвэртэй хоршуулдаг арга барил нэгэнтээ гаршжээ. Эцэст нь, МАН-ын сүлжээ эрх мэдлийн хийгээд санхүүгийн асар их хонжоо олов. Эндээс л Д.Эрдэнэбилэг гэдэг хүн болоод Монголын хоёр дахь том банк Худалдаа хөгжил саалийн үнээ юу, тарган гахай юу гэдэг асуултын хариулт олдоно.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг монгол компанид зарсан оросууд 400 сая ам.доллараа аваад арилсан бол ОХУ-ын төрийн мэдлээс Монголын баялгийг  монголчуудад авчирсан хүмүүс өдгөө шувуу, үнээ, гахай дээрээ тулаад байна.  Цаашид Д.Эрдэнэбилэг хэрэгтэн, эсвэл сэжигтэн байх эсэхийг өнөөгийн МАН-ын толгойлогчид шийднэ. Шүүгч аль нэг талд алх цохих хүртэл “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэдэг үгээр олны тархийг самууруулна. Үүнийг дагаад “Худалдаа хөгжлийн банк” гэх саалийн үнээг сааж амьдрах улстөрчид байсаар байх болно. Эсвэл Д.Эрдэнэбилэгийг хаяанд ирээд байгаа 2024 оны сонгуулиар нэг л удаа томоор хувааж идэх тарган гахай болгож болно. Хуулийнхан хэзээнээсээ бизнес эрхлэгчдийг нэг удаа "хагалж" идэхийгээ гахай , хэдэн жилээр сааж идэхийгээ “үнээ” гэж хоёр ангилж ирсэн гэдгийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин аль арваад жилийн өмнө зарлачихсан. Хуулийн салбарын ийм гажиг тогтолцоогоор Д.Эрдэнэбилэг гэдэг хүн цэвэр бизнес эрхлэгч үү эсвэл улс төрийн бохир мөнгөний гахай юу гэдэг эцэслэгдэнэ.

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан “Худалдаа хөгжлийн банкны мафи”-ийг задлана гэх улс төрийн тоглолт 2 парламент, 4 Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дамнаж байна.

Эрдэнэтийн зэс молибден, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент-шохой үйлдвэр бүгд төрийн нэрийн дор МАН-ын мэдэлд очив. Уг нь энэ бүгдийг нийлүүлж, хөгжүүлснээр  Монголд ган хайлуулах үйлдвэрийг цогцлоох учиртай. Одоогоор хамгийн бага хугацаанд гангийн үйлдвэр байгуулах боломжит гарц нь тэр. Д.Эрдэнэбилэг үүнийг хийх гэж оролдоогүй бол “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан юм уу хэн нэг нь ийм оролдлого хийхээр зориглох л байсан байх.

Монголд хэн нэгнийг шоронгоор айлгаж, хөлждөг, бохир санхүүжилт босгодог систем нуран унана гэсэн итгэл улам алдарсаар байна. Харин энэ системийн гажгийг хууль бүх хүнд тэгш үйлчилдэг тогтолцоогоор засах хонгилын үзүүр дэх гэрэл бол бий. Тэр гэрлийг “шударга ёс” гэх ганган үгээр орлуулсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын засаглалын үед хууль хэрхэн замхарсныг “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан” гэх Д.Эрдэнэбилэгийн энэхүү жишээнээс харж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж