Хүн төрөлхтөн уур амьсгалын хямралыг даван туулах арга замыг эрэлхийлсээр байна. Сүүлийн жилүүдэд далайн түвшин хурдацтай нэмэгдэх болсон. Тухайлбал, АНУ-ын эргийн усны түвшин 2050 он гэхэд 25-30 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Далайн түвшин хурдацтай нэмэгдсэний үр дагавраар ойрын хэдэн 10 жилд бүхэл бүтэн улс орон ч устаж үгүй болох эрсдэлтэй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга анхаарууллаа.
900 сая орчим хүн далайн эргийн нам дор газар амьдардаг гэх тооцоолол байна. Эдгээр эмзэг бүлгийн хүн амын олонх нь үерийн гамшигт хэдийнэ өртсөн.
Тиймээс архитектурын мэргэжилтнүүд далайн хана босгох, байшингаа шон дээр босгох гэх мэт уламжлалт аргыг халж, устайгаа ойр амьдрах шинэ арга боловсруулж байна. Усан дээрх байшин байтугай уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бүхэл бүтэн хөвөгч хотуудын тухай яригдаж эхлэв. Тухайлбал, Өмнөд Солонгос улс далайд түшиглэсэн суурин байгуулахаа мэдэгдсэн бол Мальдив улс ч бас 20 мянган хүн амьдрахуйц хангалтай том хоттой болно гэжээ.
Харин хэдийнэ ажил хэрэг болчихсон үлгэр жишээ төсөл бол Лагосоос Роттердам хүрэх хөвөгч хот юм. Усан дээрх амьдрал хэрхэн харагдахыг, үүнийг хэрхэн өргөжүүлж болохыг эндээс харж болно.
Нидерландын Ниуве институтаас “Роттердамын усан хот” нэртэй үзэсгэлэнг толилуулсан. Уг үзэсгэлэнг зорин очиж дэлхийн өнцөг булан бүрт байх хөвөгч архитектураас туршлага судлах боломжтой.
Макоко бол Нигерийн Лагос хотын төв дүүрэг бөгөөд олон мянган хүн нуурын шон дээр барьсан модон байгууламжид амьдардаг. Тус суурингаас санаа авч 2012 онд сургууль хүртэл барьсан байдаг. Лагос хотод 2011 онд үерийн гамшиг тохиосон учир иргэд ийнхүү байгалийн гамшигтай дасан зохицож эхэлсэн аж. Гурвалжин дээвэртэй модон хийцтэй сургуулийн байшин руу завиар дөхөх боломжтой. Зөвхөн сургуулийн байраар тогтохгүй олон 10 хүүхэд тоглох боломжтой тоглоомын талбай хүртэл барьжээ. Барилгыг шон дээр тогтоогоогүй хуванцар торхон дээр хөвүүлсэн байна. Анх барихдаа түр зуурынх гэж тодотгож байсан ч засвар үйлчилгээ, менежмент дутмаг байснаас үүдэлтэйгээр хэдэн жилийн дараа уг сургуулийг ашиглахаа больжээ.
Хөвөгч хотуудын тухай судалгааг нийтэлсэн “Африкийн усны хотууд” нэртэй ном бий. Энэ номд бичсэнээр Макокогийн хөвөгч систем нь хурдан угсардаг, шаардлагатай үед мөн хурдан задлах боломжтой. Хүнд даацын тоног төхөөрөмж, крангүйээр 14 хоногийн дотор таван хүний бүрэлдэхүүнтэй баг хөвөгч байгууламжийг хийж гүйцэтгэх боломжтой.
Хөвөгч байгууламжийн зорилго бол уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицохыг хичээж буй энэ үед хэнийг ч орхигдуулахгүйгээр хүртээмжтэй шийдлийг бий болгох явдал юм. Энэ шийдлийг дэлхий даяар хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Итали, Бельги, Хятад зэрэг хэд хэдэн оронд гурвалжин дээвэртэй уг системийг цаг уурын янз бүрийн нөхцөлд турших зорилгоор мөн бүтээжээ.
Роттердам бол усны түвшин ихэссэн тохиолдолд гамшигт хамгийн өртөмтгий хот. Хотын 90 хувь нь далайн түвшнээс доор оршдог тул энд хөвөгч архитектур цоо шинэ зүйл биш. Усан дээр амьдардаг ирээдүйд чиглэсэн олон тооны архитектурын компани энд бий. Сүүлийн жилүүдэд айлын байшингаар тогтохгүй хөвдөг оффисын цогцолбор, хөвөгч фермүүд ч нэмэгджээ.
Нассаухавен нэртэй төсөл энэ онд дууссан. Энэ төсөл нь 17 хөвөгч байшингаас бүтэх бөгөөд эрчим хүч ашигладаггүй. Нарны зай хураагуур, биомасс халаалт, бохир ус цэвэршүүлэх систем зэргийг энд ашигладаг.
Хэрвээ уур амьсгалдаа дасан зохицож амьдарч чадвал хаалт барихын оронд усан дээр амьдарсан нь хамгийн аюулгүй. Дэлхийн гадаргын 70 хувийг эзэлдэг усан дээр бид хэрхэн бүтээн байгуулалт хийж, хэрхэн амьдарч болох талаар судалгаа хийгдсээр л байна. Ойрын ирээдүйд соёл иргэншилт хүн төрөлхтөн бид хуурай газраас илүүтэй усан дээр амьдрах болно гэж мэргэжлийн хүн хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ